ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 4217 га талбайд малын тэжээл тариаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-11 16:36:10

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг энэ жил 4217 га талбайд малын ногоон тэжээл тариаллаа.


Мал аж ахуйн салбарт өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулах, өвс тэжээлийн үнийн хөөрөгдлийг тогтворжуулах зорилгоор ногоон тэжээлийг аймаг, сум, малчин өрх бүр нутаг орондоо тарих шийдвэрийг гаргаж, жил бүр талбайг нэмэгдүүлэн тариалалт хийж байгаа юм.


Тухайлбал, 2020 онд 2300 га талбайд тариалалт хийж байсан бол 2021 оныг “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, 5635 га талбайд, 2022 онд 2407 га талбайд тус тус ногоон тэжээлийг тариалсан. Энэ жил 4217 га талбайд тариалалт хийсний 2130 га нь Хархорин, 598 га нь Хужирт, 414 га нь Баян-Өндөр суманд тариалжээ.


Мөн малчид өвөлжөө, хаваржааныхаа 1000 м.кв талбайд малын тэжээл, төмс, хүнсний ногоо тариалах хууль, эрхзүйн үндэслэл байгааг сурталчилж, мэдлэг мэдээлэл олгосноор 1800-аад өрх айл хөх бууцанд малын тэжээл тариалж байна.


Орон нутгийн өмчит “Өв Агро” компани энэ жил 400 га талбайд малын ногоон тэжээл тариалан 50 мянган боодлыг хураан авахаар ажиллаж байна. 

相关新闻