БАЯНХОНГОР: Мэргэжлийн урлагийн байгууллагынхан мэдлэгээ дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. "Хөх дөл" төслийн хүрээнд "Соёл ба урлаг" сургалтыг Галуут суманд зохион байгуулж байна.
Аймгийн Соёл, урлагийн газар, Улсын Драмын эрдмийн театр болон төсөл хэрэгжүүлэгчид хамтран тус сургалтыг өнөөдөр Галуут сумын Соёлын төвд зохион байгуулж байгаа юм.
"Хөх дөл" төслийг хэрэгжүүлэгч УДЭТ-ийн жүжигчин, МУСТА Г.Алтангэрэл, МУСТА, Г.Номуун нарын санаачилгаар Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ Ж.Оюундарь, МУСТА найруулагч Б.Хишигзаяа, МУСТА жүжигчин Г.Алтангэрэл, МУСТА жүжигчин Г.Номуун, МУСТА жүжигчин, А capella хамтлагийн ахлагч Д.Мөнх-Од, МУСТА Г.Отгонцэцэг, МУСТА О.Майдарравжаа зэрэг уран бүтээлчид урилгаар ирсэн байна.
Жүжигчид төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллага, орон нутгийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалтыг хийж байгаа аж.
Энэхүү сургалтаар өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, соёл ба урлагийн тухай ойлголт, орчин үеийн театрын чиг хандлага, тайзны соёл, үзэгчдийн соёлын тухай ойлголтыг өгч байна. Сургалтад Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр, Тэмүжин театрын жүжигчид, жүжгийн багш нар оролцож байна.