Д.Цогтбаатарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн гэв. Иймд олонхын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 53 настай. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. 1994-2000 оны хооронд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 оноос Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажилласан туршлагатай.
Тэрбээр 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016-2023 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан байна. Одоо Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга бөгөөд орос, англи, герман, кхмер хэлтэй. УИХ дахь МАН-ын бүлгээс парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажилласан, олон улсын эрх зүйч мэргэжилтэй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад 12 гишүүн санал нэгтэйгээр Д.Цогтбаатар гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.