“Ulaanbaatar-Photo Week-2023” үзэсгэлэнд 190 гэрэл зурагчин бүтээлээрээ оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-11 15:46:14

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр боллоо.


Монгол Улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 88 жилийн ойн өдрөөр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Соёлын яамны дэмжлэгтэй энэхүү үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж буй юм.


Уг үзэсгэлэн Монголын гэрэл зургийн салбарын хөгжил, чиг хандлага, гэрэл зургийн урлагийн хөгжил, нийгмийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлох зорилготой үзэсгэлэнт байгаль, үйл явдал, баримтат, уран сайхны болон хэвлэл мэдээллийн гээд гэрэл зургийн бүхий л чиглэлээр шилдэг бүтээлүүдийг дэлгэж олон нийтийг мэдээлэл, танин мэдэхүй, соён гэгээрүүлэх эрэлт, хэрэгцээг хангасан өргөн агуулга бүхий томоохон анхны чуулган болж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт” үйл ажиллагааны хэрэгжилтэд тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж байна.


Үзэсгэлэнг нээж Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн хэлэхдээ, “Гэрэл зураг урлагийн хүчтэй төрөл билээ. Хоромхон зуурын агшинд дэлхийн хүн төрөлхтөний үйл явцыг хүргэж чаддагаараа энэхүү урлагийн төрөл хамгийн хүчтэйд тооцогддог. Эл үзэсгэлэн зөвхөн 200 орчим уран бүтээлч төдийгүй гэрэл зураг сонирхогч, гэрэл зургаар бүтээлээ туурвиж буй уран бүтээлч, цаашид энэ салбарыг сонгож буй залууст зориулсан сургалтын хөтөлбөр багтаж буйгаараа баялаг болж байна. Тиймээс долоо хоногийн турш Улаанбаатарынхан төдийгүй хотыг дамжин өнгөрч буй орон нутгийнхан гэрэл зургийн ертөнцөөр аялна гэдэгт итгэлтэй байна” гэв. 


Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоонд өнөөдрийн байдлаар 200 гаруй мэргэжлийн зурагчин бүртгэлтэй байдаг бол гэрэл зураг сонирхогчид хэдэн мянгаараа тоологддог.

Тус үзэсгэлэнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчин оролцож байна.

Тухайлбал, “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл зургийн агентлагууд, “Бүсгүй мэлмий” эмэгтэй гэрэл зурагчдын нэгдэл, Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг, спортын гэрэл зурагчид, “Хүрээлэн”, баримтат зургийн “Батзориг сан”, өв соёлын “Эгэл” төсөл хэрэгжүүлэгчид, олон улсын гэрэл зурагчид, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг студи, клуб, компани, хувь хүмүүс, сонирхогчид оролцож байна.


Энэхүү үзэсгэлэнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг гэрэл зургийн бүтээлээ дэлгэжээ. Тухайлбал, "Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлаг сурвалжилсан нь", "1990 оны Ардчилсан хувьсгал", "Анхны ардчилсан сонгууль", "Монгол Улс НҮБ-д элсэв", "Цахилгаан мэдээ хүлээн авч, дамжуулж буй нь", "МОНЦАМЭ агентлагийг шинээр эмхлэн байгуулав", "Эрдэнэт үйлдвэрийн нээлт" зэрэг түүхэн зургаас гадна төрийн айлчлал, Улаанбаатар хот, соёл урлаг, спорт, улс төрийн үйл явдлын сэдэвтэй гээд МОНЦАМЭ агентлагт одоо ажиллаж буй гэрэл зурагчдын нийт 50 орчим бүтээлийг толилуулж байна. Мөн  монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин зэрэг тус агентлагаас эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. 


“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэнгийн хүрээнд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит өдөр энэ сарын 12-нд болно.


Түүнчлэн тус үзэсгэлэнд Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэг “Хийморь” үзэсгэлэнгээрээ оролцож байна. “Манай нийгэмлэгт 21 аймгийн 40-50 зурагчин идэвхтэй ажилладаг. Бид энэ удаа бусад үзэсгэлэнгээс ялгарахын тулд орон нутгийн давуу тал болсон адуу морь, монгол адууны соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор18 аймгийн 29 гэрэл зурагчны нийт 72 бүтээлийг дэлгэж байна” хэмээн Орон нутгийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн тэргүүн Г.Баясгалантөгс ярилаа.


Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдийг агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн нэрэмжит болгон тэдний уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах олон талт боломжийг олгож байгаа юм. Мөн монголын гэрэл зургийн хөгжлийн чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний хурал, дрон, гар утасны зураг авалт, шинэ техник, технологийг танилцуулах сургалт, үзүүлэх тоглолт, зөвлөгөө, ярилцлага, хэлэлцүүлэг, гэрэл зурагчны аппарат хэрэгслийн засвар үйлчилгээ, “Монголын нэг өдөр” гэрэл зургийн уралдаан, “Хуучин гэрэл зургийн цүнх” үзэсгэлэн зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдээр үргэлжилнэ.


Үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.












相关新闻