Хотын ногоон байгууламжийг байгальд түшиглэсэн ландшафтаар шийдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-09 17:10:32

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ байгаа болон байгуулсан орчныг гоо үзэмжтэй байх талаас, аль болох байгальд түшиглэсэн ландшафтын шийдлийг хийж байна. Манай улсын мэргэжилтнүүд энэ талын туршлагаасаа “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023” олон улсын хурлаар өнөөдөр хуваалцлаа.


Манай улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хурал энэ жилээс олон улсын болон өргөжиж буйг зохион байгуулагчид хэлэв. Энэ удаагийн хурлыг Европын холбооны ERASMUS хөтөлбөрийн санхүүжилттэйгээр “Энэтхэг болон Монголын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийн тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал”-ын URGENT төслийн хүрээнд ХААИС-д зохион байгуулав.


Нийслэл хотод нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг энэ жил шинээр 11.3 га газраар нэмэгдүүлжээ. Нийслэлийн хэмжээнд нэг болон олон наст 34 төрлийн, 38 зүйлийн 922 мянган ширхэг цэцгийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургуулж, 39.5 мянган гоёлын мод бут, 280 ширхэг нарсыг нөхөн тарьжээ. Энэ нь төрөл зүйлийн хэмжээг 2 дахин, цэцгийн тоог 4 дахин нэмэгдүүлсэн байна.


Өнөөдөр Улаанбаатар хотод Захирагчийн ажлын албаны харьяанд мод үржүүлгийн 32 га газар байна. Энэ хэрээр гоёлын ландшафтууд байгуулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, доктор А.Сүхбат өнөөдрийн уулзалт дээр танилцууллаа. Энэ онд олон улсын туршлагаар, хийцлэлийн загварт шийдэлд онцгой анхаарсан томоохон бүтээл, цэцэгт байгууламжтай болжээ. Тэдгээрийг Монголын шилдэг барималч, зураачид өөрсдийн бүтээлээр гүйцэтгэсэн байна.


Тэрбээр удахгүй нийслэлд цэцгийн баяр зохион байгуулах гэж буйг мэдээллээ. Дэлхийн олон улс оронд цэцгийн баяр хийдэг нь ландшафт талаас хотоо гоо үзэмжтэй байлгах, нөгөө талаас газар зүйн хувьд тухайн хот эдийн засгийн хувьд мөнгө хөрөнгө босгохтой холбоотой, нийгмийн олон талын ач холбогдолтойг тодотгон хэлж байлаа.


Уулзалтад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын төлөөлөл оролцож, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэг бий болгох санал тавьсан юм.


“Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурлын хүрээнд маргааш ХААИС-ийн “Хатан Туул” театрт “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн нээгдэх нь.

相关新闻