Израил-ХАМАС-ын мөргөлдөөний талаарх улс орнуудын байр суурь

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-09 16:49:14

ЛОНДОН, 2023 оны аравдугаар сарын 9 /BBC/. ХАМАС бүлэглэлийн дайралт, Израилын хариу арга хэмжээний талаар дэлхийн улс орнуудын удирдагчид өөр өөр байр суурь илэрхийлжээ. Тэдгээрийг тоймлон хүргэе.


АНУ: Ерөнхийлөгч Жо Байден Израилыг “тууштай” дэмжинэ гэдгээ мэдэгджээ. АНУ тус бүс нутагт хөлөг онгоц, нисэх онгоцнуудаа байрлуулаад байгаа бөгөөд Израил руу нэмж зэр зэвсэг илгээхээ мэдэгдээд байна.


Их Британи: Ерөнхий сайд Риши Сунак Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд “тууштай дэмжлэг” үзүүлэхээ илэрхийлсэн байна. “Бид тусалж чадах бүхнээ хийх болно. Терроризм ялан дийлэх ёсгүй” гэж тэрбээр мэдэгджээ. 


Иран: Ерөнхийлөгч Ибрахим Раиси мэдэгдэхдээ, Иран улс палестинчуудын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж байна хэмээгээд Израилыг бүс нутагт олон жилийн турш аюул учруулж байгаагийнхаа хариуцлагыг хүлээх ёстой гэсэн байна. Иран улс нь ХАМАС бүлэглэлийг дэмждэг.


Ливан: Ираны дэмжлэгтэй өөр нэг хүчирхэг зэвсэглэсэн бүлэглэл болох Хезболла ням гарагт Израилтай харилцан пуужин харваж, их буугаар галлажээ. Энэ нь Израил болон тус улсыг эсэргүүцдэг орнуудын хооронд өргөн хүрээг хамарсан мөргөлдөөн үүсэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.


БНХАУ: Бээжин хоёр талд тэвчээртэй байж, нэн даруй гал зогсоохыг уриалжээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлд бие даасан Палестин улсыг байгуулах тухай тусгасан “хоёр улсын шийдэл” төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэсэн байна.


ОХУ: Гадаад хэргийн яам “нэн даруй гал зогсоож”, “бүх талыг хамарсан, бат бөх, удаан хүлээсэн энх тайвныг” цогцлоох хэлэлцээ хийхийг уриалжээ.


ХАМАС бүлэглэл бямба гаргийн өглөөнөөс бөөн хүчээр дайралт хийж эхэлснээс хойш хоёр талд нийтдээ 1100 гаруй хүн амиа алдсан байна. Израилын хариу цохилтын улмаас Газын зурвас дахь 123 мянган палестин иргэн орон гэрээ орхиод байна гэж НҮБ мэдээлжээ.

相关新闻