Афганистанд газар хөдлөлтөд 2400 гаруй хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КАБУЛ, 2023 оны аравдугаар сарын 9 /Reuters/. Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас 2400 гаруй
хүн амиа алдсан гэж Талибаны засаг захиргаа ням гарагт мэдэгджээ.
Бямба гарагт тус улсын баруун нутагт болсон 6.3 магнитудын
хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Херат хотоос баруун хойд зүгт 35 км зайд байсан гэж АНУ-ын Геологийн алба (USGS)
мэдэгдсэн юм.
Ройтерс агентлагт илгээсэн захидалдаа, Гамшгийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жанан Сайек газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2,445 боллоо гэж мэдэгджээ. Тэрбээр өмнө нь 9240 хүн гэмтэж
бэртсэн гэж мэдэгдэж байсан боловч хамгийн сүүлийн мэдээнд гэмтэж бэртсэн хүний тоог 2 мянга гаруй болгон бууруулсан байна.
Үүнээс гадна 1320
байшин эвдэрч сүйдсэн бөгөөд Ирантай
хил залгаа газар хөдлөлтийн голомтод
10 аврах баг ажиллаж
байна гэж Ж.Сайек хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Херат хотын төв эмнэлгийн гадаа байгалийн гамшигт нэрвэгдэгсдийг хүлээн авахын тулд эмнэлгийн ор дэлгэжээ. Херат мужид нийт 202 эрүүл мэндийн байгууллага байдгаас нэг нь л томоохон эмнэлэг юм гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) ням гарагт гаргасан тайландаа дурджээ. Ихэнх нь анхан шатны эрүүл мэндийн төвүүд бөгөөд ялангуяа алслагдсан бүс нутагт аврах ажиллагаа явуулахад ложистикийн хүндрэл учирч байна гэж ДЭМБ мэдэгдэв.
Аврах ажиллагаа явуулж, тусламж үзүүлэхэд хоол хүнс, ундны ус, эм
тариа, хувцас хунар, майхан яаралтай хэрэгтэй байна гэж Катар дахь Талибын улс төрийн албаны дарга Сухайл
Шахин мэдэгджээ.