ЗАВХАН: Охид амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэх урам зоригийг авсан өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тус
аймагт охидын эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан "Хүчирхэг
охид" өдөрлөгийг зохион байгуулж 80 гаруй охин хамрагджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 оны 12 дугаар сарын 19-ний хурлаар жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг "Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тунхагласан.
НҮБ-ын гишүүн орнууд, түүний тогтолцоон дахь холбогдох
байгууллагууд, цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд
анхаарал хандуулах. Энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх,
охидын эрхийг хамгаалахыг уриалсан.
Улиастайд болсон охидын өдөрлөгт оролцогчдод охидын эрх, аюулгүй байдал, сэтгэл зүй, эрүүл мэнд, хүчирхэг охидын өртөө, арьс арчилгаа, гоо зүйн өртөө зэрэг сонирхолтой хэлбэрээр охидод зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Мөн охидод тулгамдаж буй асуудлуудынх хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Түүнчлэн охид өөрсдийн сонирхсон асуултыг холбогдох мэргэжлийн
байгууллагын ажилтнуудаас чөлөөтэй асууж, халуун дулаан ярилцлага өрнүүлснээс гадна
охидод өөрсдөд нь манлайлах хүч, амжилтад хүрэх боломж үргэлж байдаг гэх урам
зоригийг авсан өдөрлөг боллоо. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь оролцогч 80
охин нь дотуур байранд амьдардаг охид байсан.
Завхан аймаг нийт 73.3 мянган хүн амтай, үүний 32.5 хувь нь 16 хүртэл насны хүүхэд, 27.4 хувь нь 16-34 насны залуучууд байна. Харин эдгээр хүүхэд залуучуудын 56 хувь нь охид буюу эмэгтэйчүүд байна.
Харин ерөнхий боловсролын 30 сургуульд 15.7 мянган хүүхэд суралцаж байгаагаас 7876 нь охид байна. Дотуур байранд 1424 хүүхэд амьдарч байгаагийн 64 хувь нь охид байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс дуулгав.
Охидын өдөрлөгийн өртөө бүрийг мэргэжлийн байгууллагын
мэргэжилтнүүд болох аймгийн Цагдаагийн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Эрүүл
мэндийн газрын мэргэжилтэн П.Хажидмаа болон Лаборатори Чандмань Эрдэнэ
сургуулийн сурагч Б.Наранцэцэг, Т.Элбэгжаргал, Өсвөрийн сэтгэл зүйч клубийн
сурагчид чиглүүлж ажилласан байна.
Энэхүү өдөрлөгийг мөн жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр
тэмдэглэн өнгөрүүлдэг "Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр"-тэй
хамтатган явуулсан. Үүнтэй холбоотой оролцогч охидын сэтгэл зүй, темпераментийг
тодорхойлж, зөвлөгөө мэдээлэл өгч өсвөр насандаа сэтгэл зүйгээ хэрхэн удирдах,
сэтгэл зүйч болон ойр дотны хэн нэгэнтэй асуудлаа хэрхэн нээлттэй ярилцаж
шийдвэрлэдэг болох гэх мэтчлэн зөвлөгөө мэдээллийг өглөө.
Темперамент гэдэг нь (Латины temperameotum) хүний үйл явдал, төрх байдал, зан аашинд илрэн гарч буй сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар юм. Өөрөөр хэлбэл бидний сэтгэцийн үйл ажиллагааны тогтвортой бөгөөд зүй тогтолт харьцаа, мэдрэлийн тогтолцооны хэв шинжийн онцлог юм.
Охид маань сэтгэл зүйгээ тодорхойлуулж, тохирсон зөвлөгөө мэдээллийг авснаас гадна өсвөрийн сэтгэл зүйч клубийн сурагчид стресс тайлах энгийн аргачлалуудыг зааж өгсөн.
Цаашид оролцогчид сургууль дээрээ найз
нөхдөдөө эдгээр аргачлалуудаа зааж өгөхөөр боллоо гэж аймгийн Гэр бүл,
хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын
ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нинжбадгар мэдээлэв.