"Монголын их амар амгалан" хамтарсан үзэсгэлэнд 80 гаруй бүтээл дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-10-06 16:44:21

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналтУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан "Монголын их амар амгалан" үзэсгэлэнгийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо.


Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, “Монголчуудын сэргэлтээс хойш дэлхий нийтэд дахин ийм амар амгаланг өнөөг хүртэл байгуулж чадсан нэг ч улс үндэстэн байхгүй” гэдгийг онцлов.


Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан алдартай уран бүтээлч багш, шавь хоёул адуу, морины сэдвээр бүтээн туурвидгаараа онцлогтой.


Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, УГЗ Ш.Чимэддорж өнөөдрийг хүртэл 50 гаруй жил урлахдаа монгол зураг, уран зураг, бэхэн зураг, уран баримал, керамик урлаг, байгалийн өрөг гээд дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээлээ туурвиж иржээ. 1991 оноос Европ, Ази, Америк тивийн 9 оронд 20 гаруй, Монголдоо 6 удаа уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.  1983 оноос 15 оронд 50 гаруй удаа хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд оролцож, дэлхийн урлаг цуглуулагч, музей, галерейн сан хөмрөгт бүтээлүүд нь хадгалагдаж байна.


Ардын зураач Ш.Чимэддорж, “Би морь зурахдаа аль болох монголын тайван амгалан, хязгааргүй эрх чөлөөг, тусгаар тогтнолын үнэ цэнийг дотроо бодож, хайрлаж зурдаг. Миний зурж буй морьд Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрсэлдэг. Их Монгол Улсыг байгуулсан өвөг дээдэс минь мориор л дэлхийг дамгалсан. Тэр агуу гүрэн өөрчлөгдсөн ч одоо хэр нь бидний цусанд тэнгэрлэг хувь тавилан бий. Эрт цагийн баатруудын сүр хүч, хатад, охид, бүсгүйчүүдийн байр байдлыг би дотроо төсөөлж зурдаг. Зураг гэдэг чинь цаанаасаа төрдөг” хэмээн ярьдаг тэрбээр “Морины Чимэддорж” хэмээх тодотголтой. Тэрбээр “Молор эрдэнэ морио” үлгэрлэн домоглон туульж, дүрслэлийн олон талт ая хийц бүтээсээр байна.


Энэхүү үзэсгэлэнд багш, шавийг хамтран урласан “Монголын их амар амгалан”, Хубилай хааны намрын авуран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, гурван метр гаруй өндөртэйТусгаар тогтнол, “Унагатай гүү”, “Чингис хаан”, “Монгол адуу”  баримал зэрэг 80 гаруй бүтээлийг дэлгэжээ.


Харин Чингис хаан Үндэсний музейн гадаах үүдэнд “Монголын их амар амгалан” хэмээх хүрэл баримлыг байрлуулсан нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог байлаа. Энэхүү үзэсгэлэнгээс Лю Гуаньдаогийн  “Хубилай хааны ав” хэмээх эртний зургийг орчин цагийн уран баримал болгосон цуврал хүрэл баримлуудыг үзэх боломжтой.


Эл бүтээлийнхээ талаар Ардын зураач Ш.Чимэддорж хэлэхдээ, “Тайванийн үндэсний музейд анх 10-аад жилийн өмнө үзээд баримал болгох санаа төрсөн. Энэ баримлыг хийхдээ зургаа хоног шөнө, өдөргүй сууж маш их хүч гаргаж хийсэн, их ч ядарсан. Шавраар хийгээд хэвийг нь авч хүрлээр цутгасан. Хятад хүний зурсан зураг учраас аль болох монголжуу хийхийг зорьсон. Монголын эзэнт гүрэн гэдгийг харуулах зорилгоор морийг нь бахим хүчтэй,  тэнхээтэй байдлаар дүрсэлсэн. Доторх дүрүүд нь монгол хүний гоо үзэмж,  амар амгаланг бэлгэдэж буй юм” хэмээв.


Харин уран бүтээлч Шэнь Хун Бяо ган, төмөр, хүрэл, чулуу зэрэг маш хатуу материалаар бүтээлээ хийдэг байна. Тэрбээр тал нутагт зүрх сэтгэл нь тэмүүлж, энгийн малчин ардын амьдрал ахуйгаас бүтээл туурвилынхаа санааг олдог аж.


Уран бүтээлч Шэнь Хун Бяо ярихдаа, “Миний хувьд багаасаа зураг зурдаг байсан. Харин баримлаар бүтээл хийгээд 35 жил болж байна. Адуу морь сонирхдог учраас мориор өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлэхийг зорьдог. Ш.Чимэддорж багштай 2015 онд анх танилцсанаас хойш холбоотой ажиллаж байна. Миний бүтээлүүд хүүхэд маань л гэсэн үг. Хамгийн үнэ цэнтэй бүтээл гэвэл нэг жилийн хугацаа зарцуулсан бүтээл бий. Энэ удаагийн үзэсгэлэнд тавиагүй.  Нийт 100 гаруй бүтээлээс дээжлэн энэхүү үзэсгэлэнд 20 бүтээлээ дэлгээд байна. Багштайгаа хамтарсан бүтээлийн үзэсгэлэнгээ анх удаа гаргаж байна. Өмнө нь хамтарч олон улсын үзэсгэлэнд дэлгэж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “Их эзэн Чингис хаан”, “Монгол хүн” зэрэг монгол морины баримлууд бүтээж олон улсад танигдсан уран бүтээлч юм.


















相关新闻