"Vivant” кино Монгол Улсад 10 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад сүүлийн жилүүдэд Герман, Франц, БНХАУ, АНУ, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчид ирж, Монголын уран бүтээлчидтэй хамтарсан уран бүтээл хийж байна.
Тухайлбал, 2020 оны хамгийн их үзэлттэй цуврал БНСУ-ын “Crash landing on you”, Олон улсын XI кино наадмын нээлтийн кино Франц, Бельгийн хамтарсан “Ер бусын ертөнц”, Австралийн найруулагч Бенийн “Strowlers”, БНСУ-ын JTBS сувгийн "Хүргэлт ирлээ" зэрэг кино, нэвтрүүлгүүд манай улсад зураг авалтаа хийсэн.
Тэгвэл 2023 онд Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй Японы алдар жүжигчдийн оролцон тоглосон “TBS” телевизийн “Vivant” олон ангит киноны хэсэгчилсэн зураг авалтыг Дархан-Уул аймагт хийж 45 уран бүтээлч, 74 ажилтан, 100 гаруй иргэнийг хамруулсан байна.
Энэхүү олон ангит кинонд монгол уран бүтээлчдээс Б.Барслхагва, Х.Цасчихэр, Х.Нандин-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр нарын жүжигчид оролцон тоглосон юм.
Тэгвэл “Соёлын сэргэлт 2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн үзэгчдэд төрөлх хотод нь кино зураг авалтаа хийсэн “Vivant” олон ангит киноны нэгдүгээр ангийн нээлт "Дархан-Өргөө" кино театрт өчигдөр боллоо.
“Vivant” кино Монгол Улсын нутаг дэвсгэрт богино хугацааны зураг авалт хийхдээ нийт 6 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн эргэлтийг улсын хэмжээнд бий болгосон бол үүний 2.2 тэрбум төгрөгийг Дархан-Уул аймагт зарцуулсан нь манай улсын хувьд мэдлэгт суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг хөгжих нөөц бололцоо бий гэдгийг харуулж буй юм.