Куба Улсад суралцаж буй оюутнуудын тэтгэлгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Хавана. /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суралцаж буй их сургуулийн оюутнуудтай Элчин сайдын яаманд уулзалт хийлээ.
Энэ үеэр оюутнууд тус улсад суралцах болсон шалтгаан, боломж нөхцөл болон бусад асуудлаарх санал сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Оюутнууд Куба Улсын талаар ямар төсөөлөлтэй эл нутагт хөл тавьсан, анхны сэтгэгдэл ямар байсан гэхчлэн өөрсдийн түүхээсээ илэн далангүй хуваалцав. Тухайлбал, цаг агаарын хувьд халуун, чийглэг байсан нь төсөөлөөгүй зүйл байсан. Хоолны хувьд дасан зохицох шаардлага үүссэн хэмээн ярьж байлаа.
Хаванагийн их сургуулийн оюутан М.Номин-Эрдэнэ, "Би Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Куба Улсад суралцахаар ирсэн анхны оюутан. Энэ улсад Ерөнхийлөгчийнхөө хөтөлбөрөөр ирсэн анхны оюутан гэдгээсээ гадна ганцаараа сурахаар ирсэн. Би Өвөрхангай аймгийн Уянга сумынх. Анх Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэнээ найзаасаа олж сонссон. Одоо бол хэлний бэлтгэлд хамрагдаад явж байна. Цаашид эдийн засагч мэргэжлээр суралцана. Анх би ямар улсад сурахаа шийдэхээр судалж байх үед кубачуудыг испаниар ярьдаг гэдгийг олж мэдсэн. Ингэснээр испани хэлтэйн дээр эдийн засагч мэргэжилтэй болчихвол нэн хэрэгцээтэй мэргэжилтэн болж чадна гэж бодож сонголтоо хийсэн" гэлээ.
Салвадор Аяэндэ анагаахын их сургуулийн оюутан Т.Энххүслэн, “Би Хосе Мартигийн нэрэмжит 52 дугаар сургуульд нэгдүгээр ангиасаа 12 дугаар ангиа төгсөх хүртлээ сурсан. Тэтгэлгийн тухайд анх аравдугаар ангид байхдаа найзаасаа олж сонссон. Тухайн үедээ их эмчээр сурна гэдгээ шийдчихсэн байсан ч аль улсад сурахаа хараахан шийдээгүй байсан үе. Найзынхаа зөвлөснөөр энэ улсад сурахаар болж байлаа. Одоо дөрөвдүгээр дамжаандаа суралцаж байна” гэсэн юм.
Хаванагийн их сургуулийн оюутан Б.Мандахзаяа, “Би энэ улсад биохимичээр сурч буй анхны монгол оюутан. Куба Улс нь эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон. Тиймээс эл улсыг сонгон суралцахаар болсон. Эндээ мөн Оюутны холбооны даргаар ажилладаг. Өнөөгийн байдлаар бидний өмнө тулгарч буй гол асуудал бол тэтгэлэг юм. Энэхүү асуудлыг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.
Энэ үеэр оюутнууд өөрсдийн сурах орчин, амьдралын нөхцөл болоод өөрт тохиолдсон явдлаасаа хуваалцав. Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд оюутнуудад гарын бэлэг гардуулж, сурлагын өндөр амжилт хүслээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэдгээр оюутны тэтгэлгийг нэг сарын 200 ам.доллар болгож шийдэж байгаагаа хэлсэн юм.
Куба Улсад одоогийн байдлаар нийт 11 оюутан суралцаж байгаагаас найм нь анагаах ухааны, хоёр нь эдийн засгийн, нэг нь биохимийн чиглэлээр тус тус суралцаж байна. Тэдгээр оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтад оролцсондоо баяртай байгаагаа илэрхийлсний зэрэгцээ тэтгэлгийн асуудлыг шийдэж өгснөөр хичээл номдоо илүү анхаарч, шамдан суралцах хөшүүргийг бүрдүүлж өглөө хэмээв.