Хөгжим судлаач Б.Батжаргал Улсын төв архиваас Денис Яровойн хийсэн морин хуурын хөг, дуу авианы хэмжилтийн тайланг олжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-09-14 15:14:50
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёл урлаг, хөгжим судлаач, Монгол Улсын Консерваторийн Профессорын багийн гишүүн, доктор, профессор Бадамжавын Батжаргал Улсын төв архиваас Оросын хийл урлаач мэргэжилтэн Денис Яровойн 1960-аад оны сүүлчээр морин хуур хөгжмийн хөгийг тогтоож, дуу авианы акустик хэмжилт хийсэн тайланг олж илрүүлжээ.


Тэрбээр үүнийгээ шинэ нээлт гэж үзэж байгаагаа бидэнд мэдэгдэж, холбогдох мэдээллийг зургийн хамт ирүүллээ.


Хийл урлаач Денис Яровой (1921-1991) манай улсын Соёлын яамны урилгаар хийл хөгжмүүд засварлах үүрэгтэйгээр 1967 онд иржээ. Соёлын яамнаас түүнд Хөгжим бүжгийн дунд сургууль дээр тусгай засварын өрөө гаргаж өгч, Улсын филармони, Дуурийн театр, Хөгжим бүжгийн дунд сургуулийн эвдэрсэн хийлүүдийг засуулахаар болжээ. Мөн түүнд хийл хөгжим засахын зэрэгцээ морин хуур, хуучир хөгжмийн нэг дуугаралтыг янзлах үүрэг өгчээ. Нэмэлт үүрэг авсан тэрээр анх хагас жил ажиллахаар ирсэн хугацаагаа дахин сунгуулах хүсэлтийг тухайн үеийн Соёлын сайд Ө.Сосорбарамд тавьж байсан байна.


Денис Яровой морин хуурын царыг хийл хөгжмийн жишгээр хийгээд хөг тогтоож, дуу авианы акустик хэмжилтийг нь Москвад физикийн лабораториор хийлгэж, энэ бүхнийхээ тайланг 1968 онд Соёлын яаманд гаргаж тушаажээ. Хөгжим судлаач, доктор Б.Батжаргал энэхүү хэмжилтийн тайланг Улсын төв архиваас олоод байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, морин хуур хөгжимд ийм хэмжилт хийсэн нь урьд өмнө огт мэдэгдээгүй, тиймээс хөгжмийн салбарт гарч буй шинэ нээлт, Денис Яровойн хийсэн энэхүү морин хуурын хөг, дуу авианы хэмжилт нь шинжлэх ухаанчаар тогтоосон хэмжилт, стандарт байжээ хэмээн доктор Б.Батжаргал үзэж байна


Манай улс морин хуурын хийцийн стандартыг өнгөрсөн 2022 онд Стандарт хэмжил зүйн газраар батлуулжээ. Үүндээ энэхүү Яровойн морин хуурт тавьсан анхны стандартыг харгалзаагүй гэдгийг энэхүү стандартыг батлах комиссын хуралд суусан Б.Батжаргал хэлж байна. 


Доктор Б.Батжаргал энэхүү Улсын төв архиваас олсон материалынхаа талаар Америк, Хятадад хуралд илтгэл тавихаар болж, урилгаа аваад байгаа аж. 


Энэ бол Д.Яровойн Соёлын яаманд гаргаж өгсөн тайлан


Морин хуурын царны хөгийг тогтоосон нь

                                                                                                                                                        Дуу авианы хэмжилт хийсэн нь. 


Морин хуурын 2 чавхдаснаас гарах авиаг физик акустикийн хэмжилт хийсэн герцийн давтамжийн хүрээ


Морин хуурын стандартын тайлан реферат


Мэргэжилтэн Д.Яровой

相关新闻