ОХУ-ыг Улаанбаатартай автозамаар холбох нэгэн гарц нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-16 23:36:20

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь Ерөө гол дээгүүр баригдсан энэхүү төмөр бетонон гүүр нь орон нутгийн төдийгүй улсын хэмжээнд стратегийн өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт боллоо хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд онцоллоо.

Ерөө сум дахь Ерөө голын хуучин модон гүүр 2005 онд шатсан юм. Ингээд уг гүүрийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар дахин засварласан ч өнөөдөр тус гүүрийн ашиглах хугацаа дууссан учир шаардлага хангахаа больжээ. Энэхүү төмөр бетонон гүүрийг Улаанбаатар хотын “Ган гүүр” ХХК 2015 оны 8-р сард эхлээд энэ оны 9 сард хугацаанаас нь 2 сарын өмнө ургац хураалтын их ажлын өмнө ашиглалтанд өгсөн нь будаа тээвэрлэх жолооч нарын сэтгэлд нийцсэн ажил болжээ. Сэлэнгэ аймгийн хувьд ОХУ-аас нийслэл рүүгээ очиход дамждаг ганцхан гүүр байсан бол өнөөдөр хоёр гүүртэй болсныг Ерөнхий сайд мөн дурьдлаа. Мөн тэрээр энэ бол монголчуудын хийж буй бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг гэдгийг ч онцолсон. Улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэ гүүрийн нийт урт нь 272.7 км, өргөн нь 7 м юм. Энэхүү гүүр нь 18 ш дан нуруу угсарч худган суурьтай барьсан гэдгээрээ орчин үеийн хамгийн сүүлийн үеийн шийдлийг ашиглан барьсан гүүр болж байгаа “Ган хийц” ХХК-ийн захирал Н.Лхагвасүрэн хэлж байв. Өөрөөр хэлбэл дан нурууны дээд алслагалыг дан цул болгож өгсөнөөрөө машины дугуйны цохилт бага болж, гүүрний эвдрэл багасдаг юм байна. Түүнчлэн Ерөө голын гүүрийг төмөр бетонон болгосноор ОХУ-ыг Улаанбаатартай автозамаар холбох нэгэн гарц нээгдэж байгааг энэ үеэр албаныхан онцлон хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төмөр бетонон гүүрний нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныхоо сумын иргэдтэй уулзлаа. Мөн тус сумын тариа бригадаар орж үтрэмийн үйл ажиллагаатай танилцаад Дархан-Уул аймгийг зорилоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻