ТӨВ: Нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн дүн гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Бэлчээрийн даацын тооцооллоор Төв аймгийн хэмжээнд 2023-2024 оны өвөл, хавар нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрсэн дүн мэдээ гарчээ.
Засгийн
газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн
хүрээлэнд 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн
ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг
мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд
үнэлж, зурагласан мэдээгээр тус аймгийн нийт нутгаар сайн гэж үнэлжээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, нийт нутгийн
37.0 % нь бэлчээрийн нөөцтэй,
34.7 % нь бэлчээр хүрэлцээтэй,
24.5 % нь даац 1-3 дахин хэтэрсэн,
2.4 % нь даац 3-5 дахин хэтэрсэн,
1.5 % нь даац олон дахин хэтэрсэн дүнтэй байна. Тодруулбал, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарчээ.
Сумын дүнгээр авч үзвэл Архуст, Өндөрширээт,
Лүн, Зуунмод, Баянхангай, Баянчандмань, Баяндэлгэр сумын нийт нутгаар, Баянжаргалан, Батсүмбэр, Баян сумын
ихэнх багийн нутгаар даац ихээхэн хэтэрч гарсан байна.
Баян-Цант,
Угтаал-Харчулуут, Борнуур-Мандал, Лүн-Төвийн багууд бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан)
гарсан багуудад хамрагдаж байна.
Харин Батсүмбэр-Үдлэг, Баяндэлгэр-Байдлаг, Мөнгөнморьт-Булаг багуудад 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 24.5 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.
Энэ жил хур бороо
элбэг, зуншлага сайн байсан ч зарим нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаа байдал нөлөөлж байна.
Ийнхүү өвөл, хаврын
бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл
тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг
арга хэмжээг авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэж, зудын
эрсдэлийг тооцож ажиллах шаардлагатайг Төв аймгийн ХХААГ-аас зөвлөж байна.
Бэлчээрийн даацын тооцооны дүн нь өвөлжилтөд зохицуулалт хийх малын тоо (хонин толгой), тухайн мал сүргийг тэжээх боломжтой хоногийн тоо, шаардлагатай бэлчээрийн талбайн хэмжээ зэрэг мэдээллийг агуулсан байдаг.