ТӨВ: Зүүндэлгэр 4 дүгээр багийн уурын зуухыг хийн түлшээр ажилладаг зуухаар солив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-09-11 17:29:14

Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сум халаалтын 10 хэсэгтэй. Үүнээс халаалтын 9 дүгээр хэсэг буюу Зүүндэлгэр 4 дүгээр багийн уурын зуухыг хийн түлшээр ажилладаг зуухаар солив.


Төв Чандмань ДЭХГ-ын дарга Д.Баярбат, Халаалтын 9 дүгээр хэсгийн нүүрс түлдэг уурын зуухыг бүрэн сольж, хийн түлшээр ажилладаг халаалтын зуухыг суурилуулав. Энэ оны 2 дугаар сард тус ажлыг эхэлсэн хэдий ч бетон ажил хийх боломжгүй байснаас 50 кг зөөврийн баллонтой хийн түлшийг ашиглаж байсан. Харин тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулснаар цаашид дулааны горим алдагдахгүй, жигд халж, гар ажиллагаа багасч, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажил болж байгаа юм. Түүнчлэн энэхүү зуух нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, утаа огт гаргахгүй, алсын зайнаас хянах боломжтой автомат горимтой, мөн ашиглалтын зардал нь бусад төрлийн халаалтын шийдлүүдээс хямд байдгаараа онцлогтой.


Тус тоног төхөөрөмжийг “Дашваанжил газ” ХХК 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ивээн тэтгэж суурилуулж, угсарч өгсөн юм. Ингэхдээ аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, газ хүлээж авах тусгай хэсэг, машин ойртохгүй байх хамгаалалт, анхааруулах мэдэгдэл, самбар, аянга зайлуулагч зэргийг шийдэж өгсөн.


Төв Чандмань ДЭХГ-аас хоолой, суурь, сантехникийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн нэмэлтээр нарны сэргээгдэх эрчим хүч ашиглаж цахилгаан хуримтлуулж байна гэв.

 

相关新闻