ЗАВХАН: Хурдан төв төрийн үйлчилгээг илүү хялбар болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-05 17:23:26

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд төрийн үйлчилгээний "Хурдан" цэгээр 800 гаруй хүн үйлчлүүлжээ.


Тус суманд өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, зардал чирэгдэлгүй хаанаас ч ойр хүргэх “Хурдан” цэг нээгдэж ажиллаж эхэлсэн. Төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг операторын горимоор хүргэн ажиллаж байна.


Иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг захиалах, солих, нөхөн олгох тээврийн хэрэгслийн үйлчилгээний төлбөрүүдийг ч төлөх боломжтой юм.


Тосонцэнгэл сум 10 мянга гаруй хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ аймгийнхаа сумдаас гуравдугаарт эрэмбэлэгддэг. Увс аймаг, Улиастай хотыг Улаанбаатар хоттой холбох, дайран өнгөрдөг гол зам дагуу байрладаг олны хөлийн газар юм.


Иргэд болон, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч дараалалгүй, хүнд сурталгүйгээр цаг алдалгүй "Хурдан" цэгээс авах боломжийг бүрдүүлж өгсөн нь үр дүнгээ өгч байна.  


Учир нь газар, үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолт, бичиг баримт шилжүүлэх, гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах гээд ямар их цаг хугацаа алддаг байсан юм.


Харин одоо сумын төвөөсөө “Хурдан” цэгээс бүх төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой болсон. Алслагдсан сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхэд “Хурдан” төв илүү хялбар байж, иргэдэд тусалж байна.


Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимжүүлж, ЦАХИМ ҮНДЭСТЭН болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулах бодлого барьж буй.


Тиймээс "Хурдан" цэгийг улсын хэмжээнд шат дараатай байгуулж буй юм. Цаашид 330 сум 16 тосгон, томоохон боомтуудад төрийн үйлчилгээний цахим цэгийг байгуулах аж.


Хурдан төв нээгдсэнээс хойш үйлчилгээ хэрхэн авах, яаж үйлчлүүлэх, цаг хугацаагаа хэмнэх боломжийг иргэд төдийлөн арга эвээ олохгүй, сайн ойлгохгүй байсан. Харин долоо, наймдугаар сараас иргэд энэ төвөөр үйлчлүүлэх олон талын боломжийг ойлгож мэдэрч байна.


Үйлчилгээ авах иргэдийн тоо ч өссөн. Өнөөдрийн байдлаар ихэвчлэн тодорхойлолт, бичиг баримт солих, шинээр авах үйлчилгээг авсан байна. Мөн тээврийн хэрэгслийн үйлчилгээний төлбөрүүдийн талаарх мэдээллийн үйлчилгээг иргэд авчээ.


Хөдөөгийн иргэд эндээс үйлчилгээ авахаас гадна цахимжилтын талаарх ойлголт, мэдээллээ ч сайжруулж, нэмж байгаа нь сайшаалтай юм гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын харьяа Тосонцэнгэл сум дахь "Хурдан" төвөөс мэдээлэв. 

 

相关新闻