ЗАВХАН: Мухартын голоо хамгаалъя
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Эрдэнэхайрхан суманд
орших Мухартын голыг зорих дотоод, гадаадын жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна.
Аялал
жуулчлал талаасаа сайн мэдээ хэдий ч голын усны ундарга татарч зарим жил усгүй
ч болдог байна. Тиймээс тус голын ойр орчмыг хамгаалах, элсний нуралтыг
багасгах, голын усны татарч буй шалтгааныг тодорхойлох, зорьж очиж буй иргэдэд
өндөр шаардлага тавьж, зөвлөгөө мэдээлэл хүргэх хэрэгтэйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тус аймагт ажиллах үеэрээ холбогдох
газруудад үүрэг болгосон.
Мухартын гол нь 300 метр гаруй өндөр элсэн манхан дороос ундарч гардаг байгалийн онцгой тогтоцтой. Жил бүр уг голыг үзэх гэж 10000 гаруй дотоод, гадаадын жуулчин, аялагчид ирдэг.
Тэд
голын элсэн манхнаас чаргаар гулгах, ойр орчимд нь хог хаях, автомашинтайгаа голыг туулах,
зорчдог байсан. Үүнээс болж, усны ундаргыг дарах болсон гэж нутгийн иргэд
үздэг.
Тиймээс Мухартын гол руу 2020 оноос эхлэн автомашин оруулахгүй байх. Голын эрэг дагуу отоглох, чаргаар гулгах явдлыг таслан зогсоож, хамгаалалтын бүс тогтоож өгсөн байна. Мухартын гол руу зөвхөн мориор болон явганаар зорчуулж эхэлсэн нь ч үр дүнгээ өгч байна.
Иймд дээрх журмыг үргэлжлүүлэн мөрдүүлнэ. Мөн Мухартын голын ундарга багасч буй шалтгааныг мэргэжлийн баг ажиллуулж судлуулах. Цаашид авах арга хэмжээг нарийвчлан тогтоох ажлыг хийж байна гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Ташрамд, зургаадугаар сараас наймдугаар сарын 15 хүртэлх хугацаанд Мухартын голыг зорих аялагч, жуулчдын тоо эрс нэмэгддэг. Эдгээр өдрүүдэд өдөртөө тус голыг 20-30 автомашин зорьдог. Эдгээр аялагч, жуулчид нь голын эх хэсэг рүү ихэвчлэн явган болон мориор аялдаг аж.
Аялагч бүр янз бүр, зарим нь голын тохойд бүр усан дотор нь ч бие засаж, хогоо хаяна. Зарим нь бол арай гайгүй. Уг нь Мухартын голын эргээс нэлээд зайтай хогийн цэг, ариун цэврийн байгууламж бий. Мөн элснээс гулгахгүй байх, элсний орой дээр нь гарахгүй байхыг байгаль хамгаалагч захиж хэлээд, зөвлөөд голын эх рүү нь явуулдаг юм.
Гэтэл зарим аялагчдын ухамсаргүй
байдлаас голын ус дээрх шалтгаануудаас болж жил бүр татарч байна гэж
нутгийн иргэд хэлэв.