ЗАВХАН: Энэ жил 12 толгой амьтныг тусгай зориулалтаар агнуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-01 11:18:12

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах дуудлага худалдаагаар 72.5 сая төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлжээ.


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 22-ны А/215 тоот тушаалаар Завхан аймагт хоёр толгой угалз, зургаан толгой халиун буга, дөрвөн толгой тэхийг тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон. Энэхүү тушаалын хүрээнд тус аймагт тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах шаардлагуудыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид эрх олгох дуудлага худалдааг цахимаар зохион байгууллаа.


Дуудлага худалдаанд дөрвөн сумын таван агнуурын бүсээс эдгээр амьтдыг агнах эрхийн төлөө дөрвөн аж ахуйн нэгж, иргэн өрсөлдсөн юм. Ингээд “Яагд энд тур” ХХК, “Зэв Хантинг Энд Сафари Турс” ХХК-ууд  шалгаран агнуурын эрхээ авч, гэрээ байгуулжээ. Дуудлага худалдаанаас орсон 72,500,000 төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлж орлогын 50 хувийг нь уур амьсгалын санд, харин 50 хувийг нь аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина.


Завхан аймаг 2014 оноос эхлэн Амьтны тухай хуульд заасны дагуу, тусгай зориулалтаар гадаадын иргэнд ан агнуулж эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт 10 суманд тусгай болон ахуйн зориулалттай ан агнах 11 бүс байгуулсан. Харин гадаадын иргэнд тусгай зориулалтаар дөрвөн суманд таван агнуурын бүс нутагт ховор амьтан агнуулж байна.  

Тухайлбал Шилүүстэй, Яруу сумаас угалз, тэх, Алдархаан сумаас тэх, Алдархаан, Цагаанхайрхан сумаас халиун буга агнаж байгаа. Түүнчлэн ахуйн зориулалтаар агнах амьтны захиалгыг сумдаас авч, хуулийн хугацаанд нь БОАЖЯ-нд хүргүүлээд хуваарь ирсний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр сумдад хуваарилуулан батлуулдаг журамтай гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв.


Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан  зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог.


Түүнчлэн Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай аж.

相关新闻