Хаити улсын нийслэлийг зэвсэгт дээрэмчдээс чөлөөлөх ажиллагаа эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-29 17:48:37

ХАВАНА. /Prensa Latina/.  Зэвсэгт дээрэмчдийн түрэлтийг зогсоож, олон мянган хүнд гэр орондоо эргэн ирэх боломжийг олгохын тулд Хаити улсын цагдаа нар өргөн хүрээтэй ажиллагаа явуулж эхэллээ.   


Дипломат төлөөлөгчдийн газрууд, үйлдвэр аж ахуйн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дэг журмыг сэргээн тогтоож, дээрэмчдийг зогсоох тушаалыг цагдаа нар хүлээн авчээ.


Нийслэлийн зарим дүүргүүд дээрэмчдийн хяналтанд байгааг эрх баригчид хүлээн зөвшөөрсөн байна. Зөвхөн Карфур-Фэй дүүрэгт гэхэд, 5 мянга гаруй хүн гэр орноо орхин дүрвэхээс аргагүйд хүрчээ. Харин олон улсын байгууллагуудын мэдээлснээр, энэ тоо 10 мянгаас давсан байж магадгүй аж.


Өмнө нь Haiti libre цахим хуудсанд бичсэнээр, Хаити улсад өдөр бүр 13-аас дээш тооны хүн амины хэрэг гарч, он гарснаас хойших 7 сарын хугацаанд 2,5 мянга орчим хүн амиа алдсан байна. Телевизийн Telesur сувгийн мэдээнд дурдсанаар, зэвсэгт дээрэмчдийн бүлэглэлүүд нийслэлийн нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг хянаж байгаа бөгөөд бусад бүс нутагт байр сууриа бэхжүүлсээр байна.


2021 оны 7 дугаар сарын 7-нд шилжих шөнө Ерөнхийлөгч Жовенель Моиза-гийн амийг хөнөөсөн хэрэг гарч, 8 дугаар сард хүчтэй газар хөдөлсний улмаас 2,2 мянган хүн амиа алдсанаас хойш тус улсад нөхцөл байдал нэн хүндэрсэн юм.

相关新闻