ТӨВ: “Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023”-ын шилдэг сумаар Баянчандмань сум шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-29 07:53:30

Зуунмод /МОНЦАМЭ/. “Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023” арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, хоршоодын төлөөлөл, фермерүүд оролцсон бөгөөд найман номинацаар шилдгүүдээ шалгарууллаа.

 

"Шилдэг саальчин"-аар Борнуур сумын саальчин Б.Гантигцэцэг тэргүүлж, Баянчандмань сумын саальчин Т.Урантогос дэд байр, Баянчандмань сумын саальчин С.Бат-Эрдэнэ гутгаар байрт шалгарсан байна.

 

Мөн "Шилдэг нутгийн цай"-гаар Аргалант сум тэргүүлж, Баянчандмань сум дэд байр, Эрдэнэ сум гутгаар байрт шалгарлаа. 

“Саальчид дуулж байна” уралдаанд Эрдэнэ сумын саальчин Б.Цагаандарь тэргүүлж, Дэлгэрхаан сумын саальчин М.Намжилмаа, Борнуур сумын саальчин Г.Ханбулаг нар удаалжээ.


Уламжлалт цагаан идээний төрөлд хамгийн зузаан өрмийг Зуунмод сумын оролцогч Н.Оюунцэцэг загсааж, хамгийн сайхан бяслагийг Эрдэнэсант сумын оролцогч Ц.Цолмон шахсан байна. Харин хамгийн сайхан ээзгийг Аргалант сумын оролцогч П.Энхцэцэг ширгээж, хамгийн сайхан элгэн таргийг Борнуур сумын оролцогч Ч.Оюунцэцэг бүржээ.

 

“Уламжлалт цагаан идээ” номинацид багийн нэгдсэн дүнгээр Баянчандмань сум тэргүүлж, Дэлгэрхаан болон Эрдэнэ сум тус тус удааллаа.

 

Түүнчлэн "Шилмэл бух" төрөлд Баянчандмань сумын “Илт Оргил хоршоо”-ны Голштейн үүлдэр тэргүүлж, Эрдэнэ сумын “Эвт хүлэмж” ХХК-ийн Герефорд үүлдэр, Лүн сумын оролцогч Н.Тогоотөмөрийн “Хар тарлан” үүлдэр тус тус удаалав. 

"Өсвөр хээлтүүлэгч" төрөлд Баянчандмань сумын “Апу Дэйри” ХХК-ийн сементаль тэргүүн байрт шалгарч,  Заамар сумын оролцогч Э.Болдын герефорд дэд байр эзэлжээ.

 

"Өсвөр гунж" төрөлд Баяндэлгэр сумын “Уурагт-НАФ” ХХК-ийн гунж тэргүүн байрт шалгарч, Батсүмбэр сумын оролцогч Д.Сэнгэдоржийн гунж, Борнуур сумын “Арангат баян хайрхан” хоршооны гунж тус тус шагналт байрт шалгарлаа.

 

“Төв түмний сүүн соёл-Сүүний баяр 2023” арга хэмжээний шилдэг сумаар Баянчандмань сум шалгарсан бол Батсүмбэр сум дэд байр, Эрдэнэ сум гутгаар байрыг тус тус эзэлжээ. 

相关新闻