Капитоли руу дайрсан хэргийн шүүх хурлыг 2026 оны дөрөвдүгээр сард товлох хүсэлт гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CNN/. Ерөнхийлөгч асан Дональд Трампын өмгөөлөгчдийн зүгээс Тусгай прокурор Жек Смитийн нэхэмжилсэн Капитолийн ордон руу дайрсан гэх хэргийг хянаж буй холбооны шүүгчид хандан уг хэргийн шүүх хурлыг 2026 оны дөрөвдүгээр сард товлохыг хүсжээ.
2024 оны нэгдүгээр сард шүүх хурлыг хийх гэсэн Ж.Смитийн саналыг хүлээн авахгүй байх хүсэлтийг Д.Трампын зүгээс АНУ-ын дүүргийн шүүгч Таня Чутканд хандан пүрэв гаргийн орой гаргасан байна. "Энэ шүүх хуралдааны товыг маш шахуу хугацаанд гаргахыг оролдож, шүүх бүрэлдэхүүнийг сонгосноос хойш дөрөвхөн сарын хугацаанд багтаан шүүх хурлыг хийхийг тулгажээ" гэж Трампын өмгөөлөгчид шүүхэд хандсан хүсэлтдээ дурджээ.
“Ерөнхийлөгч Д.Трамп болон түүний өмгөөлөгчдөд шүүх хуралд бэлтгэх боломжийг олгохгүй гэсэн засгийн газрын зорилго тодорхой байна. Засгийн газрын хүсэлтийг шүүх хүлээн авахгүй байх ёстой” гэж ерөнхийлөгч асны өмгөөлөгчид бичжээ. Тэд тангарагтнуудыг сонгон шалгаруулах хугацааг сунгаж, шүүх хурлыг 2026 оны дөрөвдүгээр сард товлохыг шүүгчээс хүслээ. Т.Чуткан шүүх хурал эхлэх өдрийг эцэслэн товлох бөгөөд энэ сарын эцэс гэхэд шийдвэрээ гаргах бололтой.
Ж.Смитийн санал болгож буй шүүх хурлын тов нь Өмнөд Флоридагийн шүүхийн нууц баримт бичгийн хэрэг, Нью-Йоркийн шүүхээр хэлэлцэх татварын хэрэг, Жоржиа муж улсын сонгуулийн хэрэг зэрэг түүний яллагдагчаар татагдаад буй бусад эрүүгийн болон иргэний хэргүүдтэй зөрчилдөнө гэж Д.Трампын өмгөөлөгчид үзэж байгаа аж.
Ташрамд дурдахад,
Жоржиа муж улсын Фултон дүүргийн прокурор Фани Уиллис-ийн хувьд, шүүх хурлыг
ирэх оны гуравдугаар сард эхлүүлэх хүсэлт гаргаад байгаа билээ. Нууц баримт бичигтэй холбоотой хэргийн шүүх хурлыг 2024 оны тавдугаар сард, Нью-Йоркийн хэргийг 2024 оны гуравдугаар сард шүүхээр
товлосон талаар өмнө нь мэдээлж
байв.