Тайванийн асуудлаар “галаар наадах” нь бүтэлгүйтэх тавилантай гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. Тайванийн асуудлаар хурцадмал байдлыг даамжруулах замаар “галаар наадах” аливаа оролдлого, Хятадыг тогтоон барихын тулд тус арлыг ашиглах төлөвлөгөө зэрэг нь бүтэлгүйтэх тавилантай гэж БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын чөлөөлөх армийн генерал Ли Шанфу Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 11 дүгээр бага хурлын үеэр мэдэгджээ.
“Тайванийн
асуудлаар галаар наадах, Хятадыг тогтоон барихын тулд тус арлыг ашиглах аливаа оролдлогууд нь бүтэлгүйтэх нь гарцаагүй” гэж Ли Шанфу цохон тэмдэглэсэн байна. “Тайванийн
асуудал бол БНХАУ-ын дотоод хэрэг бөгөөд гаднаас хөндлөнгөөс оролцох гэсэн аливаа оролдлогыг манай улс тэвчихгүй. Хятадыг дахин нэгтгэх нь түүхэн чиг хандлагатай нийцэж байна” гэж сайд нэмж хэллээ.
1949 онд Чан Кайшигийн /1887-1975/ удирдсан Гоминданы цэргүүд Хятадын иргэний дайнд ялагдаж арал руу дүрвэснээс
хойш Тайвань бие даасан засаг захиргаатай байгаа юм. Коммунистууд засгийн эрхэнд
гарахаас өмнө эх газарт байсан хуучин Бүгд Найрамдах Хятад Улсын далбаа, бусад бэлгэ тэмдгүүдийг Тайваньд ашигласаар иржээ. Харин Бээжингийн хувьд "Тайвань бол БНХАУ-ын нэг муж" гэж үздэг.