Б.Лхагвасүрэн: "UB Festival Orchestra" фестивалийг Азийн томоохон хөгжмийн наадам болгохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-15 10:46:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "UB Festival Orchestra" наадам энэ сарын 23-ны өдрийг дуустал Улаанбаатар хотноо зохиогдохтой холбогдуулж, тус наадмын уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаач Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-"UB festival orchestra" наадмыг зохион байгуулах санаа юунаас эхлэлтэй вэ?

-Анх БНХАУ-ын "Кунмин" олон улсын филармонийн гоцлол хөгжимчин Т.Хуяг бид хоёр 10 гаруй жилийн өмнөөс энэ санаагаа хуваалцдаг байсан. Тухайн үед Т.Хуяг маань Чехэд сурдаг байсан юм. Тэр цагаас хойш ярилцсаар байгаад 2020 онд энэхүү санаагаа хэрэгжүүлсэн. Тэр үед наадмынхаа зорилгыг нарийн тодорхойлоогүй, зохион байгуулалтын тал дээр ч туршлага дутмаг байсан. Тэр цагт Нийслэлийн Соёл урлагийн газар, “Хүн” театр, "Hug-jim" арт агентлаг бидний ажилд хамтран оролцсоноор анхны төслөө амжилттай хэрэгжүүлж чадсан. 


-Өнгөрсөн жилийн наадмыг ямар түвшинд зохион байгуулав. Хэр туршлагажив?

-Анхны наадам маань “Хүн” театрт болж байлаа. Бид эхэндээ сонгодог хөгжмийн концерт хийх санаатай байсан юм. Тухайн үед нийслэлээс Монголын хөгжмийн зохиолчдын дунд уран бүтээлийн уралдаан зарласан байж таарсан. Тэр уралдааны зохион байгуулагчидтай нэгдэж, анхны наадмаа зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, бидний анхнаасаа сонгосон байсан сонгодог зохиолууд, мөн уралдаанд зориулсан бүтээлүүдийг нэгтгэн хоёр цаг орчмын тоглолтыг үзэгчдэдээ толилуулсан. Тэрхүү наадамд гаднын улсад ажиллаж амьдарч буй манай улсын 10 гаруй уран бүтээлч оролцсон юм. 


-Энэ удаагийн наадам шатлалын хувьд олон улсын түвшнийх болж, чансаа нь өндөрсөж байгаа гэж ойлгосон?

-Олон улсын болгох суурь эхлэлээ энэ удаагийн наадмаар тавьж байна. Энэ удаагийн тоглолтод Хятад, Америк, Казахстан зэрэг орны хөгжимчид урилгаар оролцоно. Тэдгээрээс гадна Иркутск хотын филорманид ажилладаг гурван монгол хөгжимчин ирсэн. Мөн Улан-Үдэ хотын Дуурийн театрын гоцлол дуучин С.Батчимэг оролцоно. Бид наадмынхаа үзэл санаанд өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлийг тоглуулахыг чухалчлан шингээж өгсөн. Гаднын уран бүтээлчдийг урьж оролцуулж байгаагийн цаад шалтгаан нь энэ юм. Тэд монголын уран бүтээлчдийн хөгжмийг тоглох, цааш цаашдаа олон улсад сурталчлах явдал нэн чухал. 


Үүний зэрэгцээ ахмад уран бүтээлчдийн бүтээлийн ноот дутуу, алга болсон байна. Иймд дутуу ноотыг сэргээн, шинэ найруулгаар тоглоно. Энэ удаагийн төслийн хүрээнд Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуайн “Говь гурван сайхан” бүтээлийг сонгож авсан. Учир  нь Ц.Намсрайжав гуайн хүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр энэ бүтээлийг дижитал хэлбэрт оруулах гээд амжаагүй. Энэ ажлыг гүйцээж, бүрэн агуулгаар нь тоглоно. 23-ны тоглолтоор нийт 6 бүтээлийг эгшиглүүлнэ. Гол бүтээл нь П.И. Чайковскийн хийлийн бүтээлд зориулсан концерт байх юм. Цаашид оролцогчдын тал хувь нь олон улсын уран бүтээлчид, үлдсэн нь Монголын хөгжимчид байх зорилго тавьж буй. Мэдээж бид энэ зорилгодоо хүрч чадсанаар илүү их үр дүнд хүрэх бололцоотой. 


-Уг наадамд хэдэн уран бүтээлч оролцох вэ. Ямар бүтээл энэ үеэр эгшиглэх вэ?

-Нийт дөрвөн өдрийн арга хэмжээ зохиогдоно. Хоёр удаагийн мастеркласс хичээлийг зохион байгуулна. Хичээлийг "Кунмин" олон улсын филармонийн гоцлол хөгжимчин Т.Хуяг болоод АНУ-аас хүрэлцэн ирсэн хийлч Евгений Дё нар удирдан явуулна. Мөн хоёр удаагийн тоглолт болно. 19-ных нь цөөхүүл найрал хөгжмийн тоглолт байх бол 23-нынх нь симфони найрал хөгжмийн тоглолт байх юм. 19-ны тоглолтод урилгаар ирсэн дөрвөн хөгжимчин маань гоцлоочоор оролцоно. Хамгийн их сонирхол татах тоглолт бол Италийн хөгжмийн зохиолч Антонио Вивальдийн “Дөрвөн улирал”, 21 дүгээр зуунд зохиогдсон Аргентины хөгжмийн зохиолчийн “Дөрвөн улирал” зохиолыг нэгтгэж тоглосон тоглолт байх болов уу. Ингэж нэгтгэн тоглох нь хоёр хүний хөөрөлдөөн ч юм шиг эсвэл ертөнцийн хоёр өөр зүйл нэг дор бие биетэйгээ сүлэлдсэн юм шиг санагдаж магад. 


-Танай наадмыг ганц тоглолтоор хязгаарлахгүй юм байна гэдгийг таны ярианаас ойлголоо? 

-Монголд сонгодог хөгжмийн фестиваль байхгүй. Олон улсын түвшний фестивалийг яагаад зохион байгуулж байна вэ гэхээр, Монгол Улс нь сонгодог урлагийг гаднаас импортлож авсан байдаг. Энэхүү урлагийг цааш нь улам хөгжингүй байдлаар авч явъя гэвэл гадаад харилцааг зэрэгцээ байдлаар хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манай улсад хөгжмийн ганцхан сургууль байна шүү дээ. Тэр сургуулийг төгссөн төгсөгчид л энэ хүрээлэл дотроо ажиллаж амьдарч байна. Тэгэхээр бид улс дотроо сонгодог урлагийг хөгжүүлнэ гэж зүтгэвэл өрөөсгөл. Энэ урлаг нь заавал гадаад харилцаатай байж хөгжинө. 


-Фестивалийг жил бүр зохион байгуулна гэсэн үг үү. Хэдий хугацаанд зохион байгуулдаг байхаар төлөвлөж байна вэ?

-Хараахан нарийн төлөвлөгөө гаргаагүй байна. Мэдээж жил бүр зохион байгуулдаг болчихвол сайн байх нь ойлгомжтой шүү дээ.


-Санхүүжилтээ хэрхэн шийдэв. Тоглолтууд чинь үнэ төлбөргүй гэж сонссон?

-Гаднын улсууд ийм төрлийн фестивалийг Засгийн газрын болон урлагийг хөгжүүлэх сангуудийн дэмжлэгээр зохион байгуулдаг. Гуравдугаарт хандив цуглуулах аргыг ашигладаг. Одоогийн нөхцөлд өөрийнхөө цалингаар санхүүгийн асуудлаа шийдэж байна. Гэхдээ миний цалин дангаараа хаанаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр тоглолтод зориулсан хандивын аяныг өчигдрөөс зарлалаа. Миний бодож байснаас хавьгүй олон хүн дэмжлэг үзүүлж байна. Сонгодог урлагийг хөгжүүлье гэж бодож явдаг маш олон хүн Монголд байдаг юм байна. Гол нь ямар байдлаар дэмжих вэ гэдэг арга замаа олдоггүй юм байна. Бид тоглолтоо хүмүүст үнэ төлбөргүй үзүүлье гэж зорьсон. Сонгодог хөгжим сонирхож буй хүмүүсийн дийлэнх нь оюутан залуус. Тэдэнд тэр бүр наймдугаар сард төлбөр төлж үзвэр үзэх боломж байдаггүй, эдийн засгийн талаас хүндрэлтэй цаг үе таардаг. Нөгөө талаас есдүгээр сар гарахаар хөгжимчдийн олонх нь ажилдаа орж, заваар тааруухан болчихдог талтай.


-Өмнөө тавьж буй хэтийн төлөвлөгөө юу вэ?

-Бид Засгийн газар, Соёлын яам, урлагийг хөгжүүлэх сангуудтай хамтарч ажиллах бодолтой байгаа. Тэрхүү дэмжлэгийг авч чадсанаар энэхүү наадмаа Азийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болгох бололцоо бүрдэнэ гэж харж байна. 

相关新闻