БАЯН-ӨЛГИЙ: Нийт өрхийн 54,4 хувь нь бохир усны цооногтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-11 08:25:27

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг нь өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр 25952 өрхтэй. Аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан "Хүн амын амьдарч буй орчин, нийгмийн үзүүлэлт" судалгаанаас харахад нийт өрхийн 2,5 хувь нь буюу 651 өрх бохир ус зайлуулах төвлөрсөн системд холбогдсон. Харин 14106 өрх (54.4 хувь) бохир усаа цооногт, 10776 өрх (41.5 хувь) задгай асгаж байна.


Аймгийн төвийн өрхүүдийн 95 орчим хувь нь бохир усны асуудлаа төвлөрсөн систем, цооног ашиглан шийдэж байгаа бол хөдөө сумдад задгай асгах явдал их байна. Бохир усаа задгай асгадаг нийт өрхийн 15.1 хувийг Улаанхус сум, 12.1 хувийг Дэлүүн, 12 хувийг Цэнгэл сумын өрхүүд тус тус эзэлж байна.


Ил задгай асгасан бохир ус нь олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог аж. Тухайлбал, угаадсаар бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100 хоног, балнадын нян 100-400 хоног хадгалагддаг. Мөн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгардаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ил задгай асгасан угаадаснаас ялгардаг шивтрийн хий нь эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйжүүлэх хор уршигтай байдаг ажээ.


Иймээс айл өрхүүд бохир усны цооногтой болох, ахуйн бохир усаа цооногт асгаж хэвших нь байгаль орчныг бохирдохоос хамгаалах болон эрүүл мэндийн талаас чухал ач холбогдолтой байна.

相关新闻