“Тархи, сэтгэл судлалын Үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-07 15:46:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад уламжлал болон зохион байгуулдаг “Тархи судлалын 7 хоног” эхэлж байна. Тодруулбал, наймдугаар сарын 7-ноос “Трансляц ба төрхийн үйлийн тархи судлал” сэдэвт олон улсын сургалтаар эхлээд байна.


“Тархи судлалын 7 хоног”-ийг энэ удаа “Салбар дундын тархи судлал-2023” гэсэн үндсэн сэдвээр олон улсын хурал, хэлэлцүүлэг, сургалт хэлбэрээр зохион байгуулж буйг ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн зөвлөх, Монголын нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн, анагаах ухааны доктор Л.Баттүвшин мэдээллээ.


Тэрбээр “Салбар дундын тархи судлал-2023” олон улсын хуралд оролцохоор Дэлхийн тархи судлалын байгууллагын дэд захирал Ж.Санес, Япон улсын Физиологийн шинжлэх ухааны Үндэсний хүрээлэнгийн захирал Ж.Набекура, Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын ассоциацийн хүндэт ерөнхийлөгч Н.Сарториус, Токиогийн их сургуулийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор З.Цүцүй зэрэг эрдэмтэд хүндэт зочноор ирж олон улсын сургалтыг эхлүүлээд буйг мэдээллээ.


“Тархи судлалын 7 хоног”-ийг манай улс 10 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ хугацаанд ШУА-ийн харьяанд “Тархи, сэтгэл судлалын үндэсний хүрээлэн”-г байгууж, гадаадад тархи судлалаар үндэсний судлаач, мэргэжилтнүүдийг сургаж эхлээд байна. 



“Тархи судлалын 7 хоног”-ийн хүрээнд болох “Тархи, сэтгэл судлалын Үндэсний хөтөлбөр” сэдэвт панел хэлэлцүүлгийг Тархи, сэтгэл судлалын Үндэсний хөтөлбөр боловсруулах шаардлага, үндэслэлийг хэлэлцэх зорилгоор төрийн төлөөлөл болон олон улсын зөвлөх эрдэмтэн, мэргэжилтнүүд, шийдвэр гаргагч нарын оролцоотой зохион байгуулах талаар дуулгалаа.


Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх “Тархи судлалын 7 хоног”-ийг БШУЯ, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Дэлхийн тархи судлалын байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, Монголын нейросайнсын нийгэмлэг зохион байгуулж байна.


Тархи судлалын олон улсын сургалт нь энэ чиглэлээр суралцан ажиллаж буй оюутан, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдэд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний ажлууд, лабораториудын мэдээллийг авч, гадаадын нэрт эрдэмтэн, судлаач нартай харилцах боломжийг олгоно гэдгийг мэдээллээ.


Манай улсаас тархи судлалаар АНУ-д хоёр, БНСУ-д 4, Япон улсад нэг судлаач суралцаж, магистр болон докторын хөтөлбөрт хамрагдан ахисан түвшинд урт болон богино хугацаанд ажиллаж байна.

相关新闻