ЗАВХАН: Очирваанийн оронд бурхны ном айлдаж, орон дэлхий газар лусаа аргадан ариусгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-31 13:53:01

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймагт, аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зориулсан “Дээдийн номын айлдвар хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Дээдийн номын айлдварыг Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр далай ламын дэргэдэх Намжил дацан, Жүдод дацангийн хансүр, лхаарамба Жадо Ринбүчи дээдэс айлдаж буй юм. Дээдийн номын чуулганд Жалханз хутагт, Наробанчин хутагт, Жавзандорж лхаарамба, гавж Нанзаддорж тэргүүтэй лам хуврагууд хүрэлцэн ирж номын айлдвар өргөж байна.

Номын айлдвар аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр үргэлжлэх юм. Эдгээр өдрүүдэд Жадо Ринбүчи дээдийн номын айлдвар, Балдан Лхам сахиусны дөрвөн үйлийн ван авшигийг хүртээж ном айлдаж, орон дэлхий, газар, лусын угаал, балин өргөх, ариусгах зан үйлийг үйлдлээ. Мөн Очирваань, Дамдин Янсан, Чүнаг гурван бурхадыг нэгтгэсэн Дагбу сүмдэлийн даган соёрхолыг айлтгаж, муу заяанаас гэтэлгэгч Жанрайсаг бурханы даган соёрхолыг айлдлаа.


Дээрхийн гэгээнтэн V Далай ламын Дагнан буюу арилсан үзэгдлийн увидас, Балдан Лхам сахиусны Дөрвөн үйлийн ван авшиг, Ринбүчи багшийн нийтэд зориулсан айлдвар сургаал болон “Дашчиравын сан”, “Хийморийн сан”, “Очирваанийн сан, даллага, сэржим”-ийг өргөж байна.  


Харин маргааш буюу наймдугаар сарын 1-ний өдөр “Цэбагмэд бурхны насны авшиг” болон “Даншүг буюу Баторшил” өргөх ном айлдваруудыг сүсэгтэн олонд зориулан айлдах юм.

Дээрх дээдийн номын айлдвар нь аймгийн түүхэн 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсний дараа үргэлжлүүлэн нутаг ус, сүсэгтэн олондоо зориулан зохион байгуулж буй үйл ажиллагаа юм.


Энэхүү үйл ажиллагааг Завхан аймгийн ИТХ, ЗДТГ,  Бурхан шашинтны төв, Төгс Буянт Жавхлант хийд, Огторгуйн цагаан гарьд сан, Жавзандамба хутагт төв хамтран зохион байгуулж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  


Ташрамд дурдахад, муу заяанаас гэтэлгэгч “Жанрайсаг бурхны даган соёрхол”, Балдан Лхам сахиусны “Дөрвөн үйлийн ван авшиг” нь Дээрхийн гэгээнтэн XIV далай багш болон Монгол гэвш Сэнгэ Ринбүчи дээдэс багш нараас дамжлагатай нандин увидсыг Их Монгол улс, ялангуяа Очирваанийн орон Завхан аймагт айлдаж байгаагаараа онцлогтой гайхамшиг юм гэж Бурхан шашинтны төв, Төгс Буянт Жавхлант хийдээс нэмж дуулгалаа. 


Дээдийн номын айлдварт 200 гаруй лам хувраг оролцож байна


相关新闻