“Архангай-100” уран бичлэгийн үзэсгэлэнг толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-07-31 13:53:07

Эрдэнэбулган  /МОНЦАМЭ/. Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын үеэр зохион байгуулсан Соёлын наадмын хүрээнд “Архангай-100” уран бичлэгийн үзэсгэлэнг наадамчин олонд толилууллаа.


Тус үзэсгэлэнг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн монгол хэлний багш О.Баасан зургийн багштайгаа хамтран гаргажээ.

Үзэсгэлэнд нийт 33 зохиолчийн намтрыг сонгон уран бичлэгээр бичсэнээрээ онцлогтой. Онцлох бүтээл гэвэл Архангай аймгийн утга зохиолын Хан Тамир төвийн 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 70 зохиолчийн овог, нэр, сумын нэрийг зүмбэрлэн уран бичлэгээр бичжээ. Уг бүтээлийг долоо хоногийн хугацаанд бичсэн бөгөөд үзэсгэлэнгийн бүтээлүүдийг бүтээхэд хоёр сар гаруй хугацаа зарцуулжээ.


Ташрамд дурдахад, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн монгол хэлний багш О.Баасан МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд 2019 оноос тогтмол оролцож буй аж. Тэрбээр 2021 онд “Монголын сайхан бичигтэн” улсын 24 дүгээр уралдааны Мэргэжлийн багшийн ангилалд дэд байрт шалгарчээ. Мөн тэрбээр сургуульдаа ”Тэнгэрийн бичиг” дугуйланг хичээллүүлэн 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уран бичлэг сонирхох хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөж байгааг тэрбээр тодотгож байлаа.














相关新闻