ЗАВХАН: Улаагчны Хар нуурт ариун цэврийн байгууламжтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-28 17:19:05

Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурын байгалийн цогцолбор газарт ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулжээ.


Улаагчны Хар нуурын байгалийн цогцолборт газарт дөрвөн ширхэг ариун цэврийн байгууламж ашиглалтад орлоо. Завхан аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжитийг нь шийдвэрлэснээр амралт, аяллын оргил үед стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо.


Тодруулбал, Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын аялагчдын хамгийн их очдог гол цэг болох Зэгэстэй нуурт хоёр, Уртын булгийн адагт нэг, нуурын дээд хэсэгт нэг ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулсан.



Байгалийн цогцолборт газрын хөрс рүү бохир нэвчихгүй кальцо байршуулж, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн стандартын шаардлагад нийцсэн энэхүү ариун цэврийн байгууламжийг хамгаалалтын захиргааны ажлын хэсэг хүлээн аваад байна. Ингэснээр амралт, аяллаар явж байгаа аялагч, иргэдэд ч хүндрэлгүй, байгаль орчиндоо ээлтэй аялах боломжийг бүрдүүлж байна. Мөн соруулах шийдлээр хийгдсэн учир, байгалийн цогцолборт газрын хөрс, усыг ч хамгаалаад буй юм гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

相关新闻