ХОВД: Хаягжуулалтыг сайжруулах чиглэлээр санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-26 18:30:15

Жаргалант /МОНЦАМЭ/.  Эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд болон цагдаа, онцгойгийн алба хаагчид нь иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд тэргүүн эгнээнд ажиллаж ирсэн. 


2023 он гарсаар Ховд аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид 1067 дуудлага мэдээлийн дагуу ажилласан бол эмнэлгийн байгууллагын ажилтнууд түргэн тусламжийн 4835 дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэжээ.  


Эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийнхан зуны улиралд өдөрт дунджаар 16-35 дуудлага мэдээлэл хүлээн авч байгаа.  


Яг өнөөдрийн байдлаар Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт хаягжуулалт хангалтгүй, гудамж, зам, талбай, гэр хорооллын айл өрх, орон сууцны хаягийн тэмдэг, тэмдэглэгээ нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан дуудлагад цаг алдах, хоцрох эрсдэл гарч байна.  

Тодруулбал,  Жаргалант сумын шинэ суурьшлын бүс,  малчны хороолол,  жишиг хороолол болон ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн дээд талд шинээр барьсан орон сууцнуудад тодорхой хаяг байхгүй. Мөн Баатархайрхан багийн задгай, шинэ дулааны дээд тал, талын хашааны шинэ цементэн хашаануудад хаяг байхгүй. Шинээр суурилуулсан хаяг ойлгомжгүй, багууд нь холилдсон, мэргэжлийн байгууллагууд дуудлагаар очихдоо хуучин хаягаар олж очиж байна.  Иргэд ч мөн хуучин хаягаараа дуудлага өгч,  утсаар ярьж заалгаж байж очиход дунджаар 10-15 минут болдог байна.
  

Иймд  цаашид  хаягжуулалтыг бүрэн хийх,  хуучин хаягийг сэргээж ойлгомжтой цэгцтэй болгох, хаягийн нэршил, тоо дугаарыг нэгдсэн стандарттай болгох зорилгоор хэлэлцүүлэг өрнүүлж, саналаа нэгтгэлээ. 
  

Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан саналыг Жаргалант сумын ЗДТГ-т албан ёсоор уламжлах бөгөөд хаягжуулалттай холбоотой тулгамдаж буй асуудлыг олон талын хамтын оролцоотой шийдвэрлэх үүднээс хоёр дахь шатны хэлэлцүүлгийг 9 дүгээр сард зохион байгуулахаар боллоо. Үүнээс гадна хаягийн ашиглалт, арчилгаа, хамгаалалтыг сайжруулах чиглэлд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулахаар ярьж байв. 


Аймгийн төвийн хаягжуулалтын ажлыг стандартын дагуу бүрэн хийснээр эмнэлгийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллага яаралтай дуудлага мэдээллийн дагуу ажиллахдаа цаг алдахгүй, үүргээ шуурхай гүйцэтгэх боломж өргөжих юм.    

相关新闻