ХЭНТИЙ: Баяр наадмыг зохион байгуулах ажилд 500 гаруй алба хаагч, иргэн гар бие оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-26 07:42:26

Чингис /МОНЦАМЭ/. Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Тус наадмыг зохион байгуулах комиссын дарга, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхантай бэлтгэл ажил, наадмын зохион байгуулалтын талаар ярилцлаа.


-Сайн байна уу та, сайхан наадаж байна уу?

-Сайн байна уу, сайхан наадаж байна.


-Юун түрүүнд нутгийн зон олон, зочид төлөөлөгч, наадамчдадаа зориулан мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Юуны өмнө Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг нутгийн зон олон, зочид төлөөлөгч, наадамчин түмэндээ өргөн дэвшүүлье.


-Хэнтий аймаг наадамчин олноо баясгахаар ямар ажлуудыг төлөвлөн гүйцэтгээд байна вэ?

-Хан Хэнтий уулын аймгийн 100 жилийн ойн баяр наадамтай холбогдуулан 2022 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд ойн баяр наадмын өмнө хийгдэх бүтээн байгуулалтын болон  зохион байгуулалтын олон ажлыг төлөвлөсөн. Тухайлбал, 100 жилийн ойн медаль гаргах, Нутгийн зөвлөлтэй хамтран хандивын арга хэмжээ зохион байгуулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн. Мөн уул уурхай, газар тариалан, малчид, барилга зэрэг салбар салбарын зөвлөгөөн болоод “Хан Хэнтий 100” эрдэм шинжилгээний хурал, “Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг, “Хан Хэнтий 100” уран зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үүнээс гадна 100 жилийн ойн ном, баримтат кино, гэрэл зургийн цомог бүтээх ажлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, “Эдүгээ” энтертайнмэнт, гэрэл зурагчин Г.Баясгалантөгс нартай хамтран хийж хэрэгжүүллээ.


Баяр наадмыг шууд дамжуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллаж байна. Тухайлбал, Шууд дамжуулалтыг МҮОНРТ-ээр, мэдээ мэдээллийг UBS телевиз, Масс.мн, Цахиур.мн зэрэг сайт наадамчин олонд цаг алдалгүй хүргэнэ.  Нээлтийн арга хэмжээнд зориулан 100 уртын дууч, 100 морин хуурч, 1000 харваачийг бэлтгэлээ.


Ард иргэд маань баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Иймд худалдаа, үйлчилгээ эрхлэх зам талбайг цементлээд хатуу хучилттай болгосон. Ингэснээр иргэд маань шороо, тоосжилтгүй орчинд үйлчилгээ авах боломж бүрдүүлээд байна. Мөн зочдыг хүлээж авах хүндэтгэлийн 300 гэрийн цахилгаан, ариун цэврийн байгууламжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Авто замын засвар арчлалт, гэрэлтүүлгийн асуудалд мөн анхаарал хандуулж ажиллалаа.


-Улсын баяр наадмын нээлт, хаалтын үеэр дрон, AR технологи ашиглан агаарын шоу, виртуал хөтөч зэргийг үзүүлсэн нь  иргэдэд их сонирхолтой байсан шүү дээ. Хэнтий аймаг энэ мэт технологийн дэвшлийг ашиглах уу? Энэ жилийн баяр наадам өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ?

-Технологийн хөгжилтэй холбогдуулан баяр наадмын урилгаа шинэлэг байдлаар хийсэн. AR аппликейшнийг утсандаа суулгаснаар урилга дээрх тэмдэглэгээг уншуулан аймгийн Засаг даргын мэндчилгээг видео хэлбэрээр үзэх боломжтой. Мөн Хэнтий аймгийн танилцуулга видеог хүлээн авч үзэх боломжтой. Түүнчлэн Чингис хаалган дээр зочид төлөөлөгчдийг угтаж авахад замын хажуугаарх самбар дээрээс AR технологиор дамжуулан виртуал орчинд мэндчилгээ, аймгийн танилцуулга, сүлд гэх мэт зураг, дүрсийг харах боломжтой.


Баяр наадмын хоёр өдөр “Car cinema” ажиллана. Энэ үеэр иргэд гэр бүл, найз нөхдөөрөө машиндаа кино үзэж өнгөрүүлэх боломжтой. Мэдээж тэгш ойн баяр наадам гэдэг утгаараа урьд жилүүдийн баяр наадмаас маш том онцлог давуу талтай байна.


-Наадмын нээлт, хаалт ямар байх бол гэдэгт иргэд нэлээн хүлээлт үүсгэж байна. Найруулагчаар ямар уран бүтээлч ажиллаж байна вэ?

-“Hero Entertainment” студийн найруулагч СТА Э.Ёндонжамц 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын найруулгыг хийж байна. Их Монгол улс байгуулагдсан, Эзэн Чингис хааны өлгий нутаг учраас тэр бахархам түүхийг агуулсан найруулгыг шинэлэг байдлаар хийхээр зорьж байна. Энэ хүрээнд гүүрнээс хойш зам дагуу 10 км тутамд сумдын онцлогийг харуулсан гэр барьж, Төв цэнгэлдэх хүрээлэндээ бүх арга хэмжээгээ зохион байгуулна.


-Ойн баяраа угтан Хэнтий аймаг бүтээн байгуулалтын ямар ажлуудыг хийж гүйцэтгэв?

-Тэгш ойн баяр наадмаа угтан бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, 2012 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн Хан Хэнтий чуулгын барилгыг гацаанаас гаргаж, улсын баяр наадмын өмнө ашиглалтад орууллаа. Аймгийн төвд 60 айлын орон сууц, 1500 хүүхдийн суудалтай Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилга,  Орон нутаг судлах Музейн барилгыг ашиглалтад орууллаа. Түүнчлэн Сэцэн ханы ордон музей, Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын хөшөө, найман аваргын хөшөө орчмын гадна тохижилтын ажлыг гүйцэтгэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх ажлын ард гарлаа. 3200 гаруй хүний суудалтай болгон томсгож, сурын талбай, хөл бөмбөгийн талбай, явган хүний, гүйлтийн зам, 580 гаруй автомашины зогсоол, ариун цэврийн байгууламж, гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт ажлуудыг цогцоор нь хийлээ. Энэ ажлын ард гарахад орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна аж ахуйн нэгж байгууллага, малчид, иргэдийн өргөсөн хандив их тус дэм боллоо.Аймгийн төвөөс гадна сумд руу анхаарлаа хандуулж ажиллалаа. Энэ жил манай аймгийн 10 сум 100 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн. Бүх сумдаа дулаанд холбож, зарим суманд цэвэрлэх байгууламжийн ажил хийж байна.


-Түүхэн тэгш ойн баяр наадам гэдэг утгаараа аймаг, орон нутгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгсөн байх. Хэзээнээс бэлтгэл ажилдаа оров, хичнээн хүн хүч гар бие оролцов?

-АИТХ-ын 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Үүний дараа аймгийн Засаг даргын захирамжаар 11 салбар хороотой байхаар шийдвэрлэсэн. Эдгээр салбар хороо 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Байгууллагын дарга нар болон чиглэл чиглэлийн албан хаагчид багтсан ийм томоохон комисс ажиллаж байна. Мөн сумдын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид оролцож байна. Ер нь нарийн тооцвол 400-500 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэж хэлж болно.


Мөн баяр наадмын үеэр харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр аймгийн цагдаагийн байгууллагаас тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Цагдаагийн Ерөнхий газраас мөн тодорхой тооны бүрэлдэхүүн ирнэ. Энэ мэт зохион байгуулалтын арга хэмжээг сайтар хийхгүй бол явган хүний болон автомашины хөдөлгөөн огцом нэмэгдэх түгжрэл, бөөгнөрөл үүсэх магадлалтай тул янз бүрийн гэмт хэрэг, зөрчил, осол гарахыг таашгүй. Иймд цагдаагийн байгууллагаас анхаарал хандуулж ажиллаж байна.


-Хотын өнгө үзэмжийг нэмэх тохижилт, ногоон байгууламж зэрэг ажилд хэрхэн анхаарал хандуулав?

-Өнгөрсөн 2022 онд аймгийн Засаг даргын албан даалгавар гарч төрийн байгууллагууд өнгө үзэмжээ сайжруулж гадна зам талбайгаа засварлаж тохижилт, гэрэлтүүлэг хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сар гэхэд ихэнх төрийн байгууллагууд гэрэлтүүлэг, тохижилтын ажлаа бүрэн хийсэн. Харин одоо иргэд маань хашаа хороо, хувийн хэвшлийнхэн барилга байгууламжийнхаа өнгө үзэмжийг сайжруулж, гадна тохижилт хийх шаардлага байгаа. Үүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд санаачилга гаргаарай гэж хүсч байна.


Аймгийн 100 жилийн ойн баярыг угтан ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажилд маш их анхаарч ажиллалаа. Тухайлбал, Сэцэн ханы ордон музейн хашааг буулгаж гадна тохижилт хийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүллээ. Энэ ажлын хүрээнд Чингисийн морьтой хөшөөг сэргээн засварлалаа. Мөн найман аваргын хөшөө орчимд гадна тохижилтын ажил, зам дагуух гэрэлтүүлгийн ажил, туг дарцаг, цэцгийн мандал байрлуулах гэх зэрэг ажлуудыг тохижилтын ажлын хэсэг хийж гүйцэтгэлээ. Баяр наадмын үеэр хог хаягдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хамгийн их хүндрэлтэй байдаг. Үүнд мөн анхаарч био нойлуудыг төв цэнгэлдэх хүрээлэн, морь барианы болон бусад газруудад байрлууллаа.


-Орон нутгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих үүднээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшил, өрхийн үйлдвэрлэгч нарыг дэмжих ажилд ач холбогдол өгч дэмжиж ажилласан. Тухайлбал, хурдан морины пайз, бөхийн засуулын дээл малгай, бай шагналын морьдын нэмнээ, унаач хүүхдийн хувцас, нөмрөг, морь бариач нарын дээл, зочид төлөөлөгчдөд өгөх гарын бэлэг, анонс, баннер, энгэрийн тэмдэг, мандат, өргөмжлөл, автомашины зөвшөөрөл гэх мэт ажлуудыг орон нутгийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээр захиалан хийлгэлээ.


-Ард иргэдээ, наадамчин олноо баясгахын тулд чамгүй олон ажлыг төлөвлөн хийж бүтээж буй та бүхэнд баяр хүргэе. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа, танай хамт олонд мөн амжилт хүсье. Түүхт 100 жилийн ойн баяр наадмын өдрүүдийн тэнгэр нь цэлмэг байж, нар хур тэгш, наадам найр хөгжүүн, идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, аргамаг шандаст хүлгүүд нь хурдан, эрхий мэргэн харваачид оноотой, хотол түмэн, зон олноороо цэнгэн баясч, дэнж хотойтол сайхан наадаарай.

相关新闻