ЗАВХАН: Археологийн үнэт олдвор бүхий 100 гаруй үзмэртэй танхим нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/. Тус аймгийн Орон нутгийг судлах музейд
анх удаа археологийн ховор олдворууд бүхий танхим нээгдлээ.
Завхан аймгийн Орон нутгийг судлах музей анх удаа 100 гаруй үнэт үзмэр, эд өлгийн зүйлстэй археологийн танхимтай боллоо. Энэ танхим нь Алдархаан сумын Ямаан-Уснаас олдсон нийтийн тооллын өмнөх гуравдугаар зуунаас нийтийн тооллын нэгдүгээр зууны үеийн олдворууд дээр түшиглэн нээгдсэн.
Түүнчлэн
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Их хайрхан уулын агуйн цахираас олдсон
олдворууд, Завханмандал сумын Таван лам уулын хадны оршуулгаас олдсон үнэлж
баршгүй түүхэн үзмэрүүдтэй юм.
Өөрөөр хэлбэл Ямаан-Усны хүннүгийн
язгууртны булшнаас олдсон 80 гаруй эд өлгийн зүйлс, мөн бусад газраас олдсон эд
өлгийн зүйлс гээд нийт 100 гаруй үзмэртэй юм.
Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон.
Манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.
Алдархаан сумын нутгаас Хүннүгийн үед хамаарах 10 гаруй язгууртан, 200 гаруй энгийн иргэний булшийг илрүүлэн судлаад байна. Малтлагын явцад
8 метр гүнээс Хүннүгийн язгууртны алтан тоногтой модон авс бүхий булш олсон.
Мөн шавар ваар, хүрэл сав, хаш толь, амьтны яс зэргийг олсон. Энэхүү Ямаан-Усны
дурсгал нь Хангайн нурууны баруун өмнөд хэсгээс, мөн Завхан аймгаас анх удаа
олдоод байгаа хүннү язгууртны булш гэдгээрээ сонирхолтой хэмээн эрдэмтэн
судлаачид онцлон үзжээ.
Хүннү
язгууртны булш дөрвөлжин хэлбэрийн чулуун далантай, урагш чиглэсэн үүдэвчтэй
байдаг юм байна.
Ямаан-Усны 61 дүгээр булш ийм зохион байгуулалттай, зүүн талдаа
гурван дагуул булштай, хойд талдаа хос хосоор зэрэгцүүлэн өрсөн нийт зургаан
тооны чулуун зураатай. Тус язгууртны булш эрт үед тоногдох явцдаа баруун болон
зүүн хана эвдэгдэж, чулуунууд нь хоёр хажуу тийш тарж шидэгдсэнээс болж цагираг
хэлбэртэй болсон байсан тухай судалгааны багийнхан өгүүлсэн.
Түүхийн ховор үзмэрүүд бүхий археологийн үнэт олдворуудын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Завхан аймагт зочлохдоо, аялж зугаалахдаа музейгээр нь заавал ороод гарахыг хүсэж байна. Аймгийн орон нутгийг судлах болон алдартнуудын музей зуны цагийн хуваарийн дагуу бүх насныханд үйлчилнэ гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв.
-Ямаан-Усны
дурсгалыг “ил музей” хэлбэрээр үлдээж цаашид аялал жуулчлалын түшиц газар
болгохоор зорьж байгаа тул булшийг булалгүйгээр үлдээсэн. Хамгаалалтын хашаа
байгуулж, харуул хамгаалалттай болгосон байна. Энэ судалгаа цаашид хэдэн 10 жилээр
үргэлжлэх боломжтойг судлаачид хэлсэн.
Тиймээс судлаачид орон нутгийнхантай хамтран хамгаалах зорилгоор “Ямаан-Усны соёл” ТББ-ыг байгуулсан. Тус газраас 20 км-ийн зайд Хүннүгийн үеийн суурингийн үлдэгдлийг ч олоод байгаа юм гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.
Малтлагаар олдсон суварга хэлбэрийн модон эдлэл, утлагын хүрэл сав нь Монголд анх удаа илэрсэнолдвор болсон.
Утлагын сав нь Баруун хань улсын үед хийгдсэн, өндөр түвшний язгууртнууд хэрэглэдэг, цор ганц хувь хийгддэг эдлэл болохыг тогтоожээ. Тус Ямаан-Уснаас олдсон утлагын сав нь маш нарийн цутгамал хийцтэй, гөрөөс, араатан, мод ургамал зэргийг гадна талд нь дүрсэлсэн байна.
Энэ төрлийн утлагын сав нь
Хань улсын эзэн хаан Вугийн төрсөн ах Лю Шэн зэрэг эзэн хааны гэр бүлийн
булшнаас гол төлөв олдсон байдаг аж.