ЗАВХАН: Аймгийн музей Геологи палеонтологийн танхимтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/.
Тус аймгийн музейн байгалийн танхимд “Геологи палеонтологийн танхим”-ыг өнөөдөр
нээлээ.
3авхан аймгийн орон нутаг судлах музейн “Геологи палеонтологийн танхимыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 64 тоот тогтоолоор Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гүржавын Чинбатын нэрэмжит болгох.
Завхан аймгийн музейн захирлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6/57 тоот тушаалаар тус тус баталгаажуулан геологи палеонтологийн танхимыг Г.Чинбатын нэрэмжит болгожээ. Г.Чинбат нь өөрийн нэрэмжит танхимд Монгол орны өнцөг булан бүрээс цуглуулсан эрдэс чулуулгын дээжис бүхий нийт 85 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлсийг хандивласнаар тус танхимыг дэглэж, өнөөдөр нээлтээ хийсэн байна.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гүржавын Чинбат болон түүний гэр бүл, аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Музейн захирал
Ж.Юнрэндорж, аймгийн БСУГ-ын дарга М.Нямдорж болон бусад албаны хүмүүс иргэд
оролцлоо.
Г.Чинбат нь Завхан аймгийн Баянтэс сумын нутагт төрсөн ашигт малтмалын ордын эрэл зураглалын инженер, эдийн засагч, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан юм. Тэрбээр эрэл хайгуулаар илрүүлсэн 12 орд газруудын тайланг амжилттай хамгаалсан бөгөөд өдгөө Монгол Улсын хөгжил дэвшилд чухал байр суурийг эзлэн эдийн засгийн эргэлтэд орсоор байна.
1972-2017 он хүртэл амьдралынхаа 45 жилийг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зориулж 1988 оноос эдүгээ цагт улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсоор яваа.
Түүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж МХЗЭ-ийн тэргүүний залуу алтан медаль,
ардын хувьсгалын ойн медалиуд, салбарын ойн медаль, Завхан аймгийн хүндэт
тэмдэг, 2013 онд төрийн дээд Алтан гадас одон, 2017 онд Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одон, 2019 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Завхан аймгийн музей нь 1100 орчим үзмэртэй бөгөөд Орон нутаг судлах, Алдартнуудын гэсэн хоёр музейтэй. Эдгээр музейн 17 танхимд 2800 үнэт үзмэрийг үзүүлэг дэглэлтийн стандартын дагуу дэлгэн олон нийтэд сурталчилж, мэдээллээр хангадаг байна.