Бразилын эдийн засгийг сэргээх төлөвлөгөөг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-14 12:40:45

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./Xinhua/.Хямралд ороод буй эдийн засгийг сэргээх зорилгоор боловсруулсан хувьчлалын төлөвлөгөөгөө Бразилын шинэ Засгийн газар танилцууллаа.

Тус улсын Засгийн газар дөрвөн нисэх онгоцны буудал, хоёр боомтын терминалыг худалдаж, уул уурхайн төслүүдийг урагшлуулахын тулд шинэ замууд тавихаас эхлүүлээд өргөн цар хүрээг хамарсан төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх гэрээг хувийн компаниудтай байгуулахаар төлөвлөжээ.

Төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр Дилма Руссеффийг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулсны дараа буюу хоёр долоо хоногийн өмнө тангараг өргөсөн Ерөнхийлөгч Мишель Темер хэлэхдээ “энэ төлөвлөгөө нь эдийн засгийн өсөлтийг хөхиүлэн дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн” гэв.

Дээрх төлөвлөгөө нь Бразил улсын сүүлийн 80 жилийн түүхэнд болоогүй эдийн засгийн гүн хямрал нүүрлээд буй энэ үед төсвийн асар их алдагдлыг бууруулах зорилго бүхий шинэ ерөнхийлөгчийн “Өсөлт” санаачилгын нэг хэсэг аж.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд 3.8 хувиар буурсан Бразилын эдийн засаг энэ онд дахин 4.3 хувиар буурах төлөвтэй байна.

Тэтгэвэр тэтгэмж болон хөдөлмөрийн шинэчлэлт хийж, хувийн компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагчдыг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд нь дэмжинэ гэж М.Темер мэдэгдсэн юм.

Г.Доржханд 

相关新闻