Биологийн олон улсын олимпиадаас Монгол Улсын баг хос хүрэл медаль, тусгай байрын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-07-11 08:45:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсад 2023 оны 7 дугаар сарын 3-11-нд зохион байгуулсан Олон улсын Биологийн 34 дүгээр олимпиадаас Монголын баг хос хүрэл медаль болон тусгай байрыг эх орондоо авч ирж байна.

 

Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээл хүрэл медаль, Шинэ Эхлэл сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Намуун хүрэл медаль, Байгаль-Эх лицей сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ирээдүй тусгай байр эзэлжээ.


Олон улсын биологийн 34-р олимпиадад Монгол Улсаа төлөөлөн МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Л.Ариунцэцэг, профессор Б.Болдгив, дэд профессор Г.Баярмаа, дэд профессор Д.Нарангарвуу болон Улаанбаатар хотын Шинэ-Үе Сургуулийн 11-р ангийн сурагч Г.Мишээл, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Г.Ирээдүй, Нэгдүгээр сургуулийн сурагч 12-р ангийн сурагч Л.Индра, Шинэ Эхлэл ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Т.Намуун нар оролцсон юм.

Нийт 80 орны 304 сурагч Биологийн шинжлэх ухааны “Амьтны анатоми, физиологи”, “Эсийн биологи”, “Экологи”, “Зан төрх”, “Генетик”, “Эволюци”, “Ургамлын физиологи” гэсэн чиглэлээр онолын /нийт 168 хуудас/, “Биохими”, “Биоинформатик”, “Экологи ба Зан төрх”, “Ургамлын молекул биологи” гэсэн чиглэлүүдээр дадлагын /нийт 66 хуудас/ мэдлэгээ сорин өрсөлдсөн байна.




相关新闻