Гадаадын хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангах, харилцан ярилцах боломж бидэнд гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2023”-оор хэлэлцэх асуудлын хүрээнд нийт үндсэн 5 илтгэл, нэгдсэн 4 хуралдаан, салбар 15 хуралдааныг зохион байгуулж байна.
Энэ талаар Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд, “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Мөн форумын зочид
төлөөлөгч нарт зориулан залуучууд, олон нийт рүү чиглэсэн дагалдах 4 үйл
ажиллагаа, соёлын 10 гаруй арга хэмжээг зохион байгуулж буй талаар мэдэгдлээ.
Энэ удаагийн Эдийн засгийн форум өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээнд болж,
үндсэн болон дагалдах үйл ажиллагаанд нийт 170 гаруй панелист, модератор,
илтгэгч нар оролцож буй аж.
Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд, “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар, “Монголын Эдийн засгийн форум-2023” нь оролцогч гадаад хөрөнгө оруулагч нар болон олон улсын байгууллагын бусад төлөөлөгч нарт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авах боломжийг хангаж өгч байна. Мөн ирээдүйд хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүд дээр хамтран ажиллах боломжийг судлах, бодлогын түвшинд шийдвэр гаргагч нартай харилцан яриа өрнүүлэх, нөлөө бүхий хүмүүсийн илтгэлийг сонсож байгаа. Гадаадын томоохон хөрөнгө оруулагч нар, олон улсын банк, санхүүгийн төлөөлөл түлхүү оролцож буй энэ удаагийн форумын ач холбогдол, хүлээж буй үр дүн бол гадаадын хөрөнгө оруулагч нартай бид нүүр тулж ярилцаж буй явдал.
Та бүхэн энэ удаагийн “Монголын Эдийн засгийн форум-2023” дээр итгэлцэл, боломж гэсэн хоёр үг олон дахин давтагдаж буйг анзаарсан байх. Гадаад ертөнц рүү чиглэсэн байдлаар зохион байгуулж буй энэ удаагийн форумын үр дүнг тодорхойлъё гэвэл энэ хоёр үгээр илэрхийлж болно хэмээн онцлон хэлэв.
Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсыг эргэн сонирхож байна.
Форумд оролцогч, гадаадын
зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагч нар Монгол Улсын ямар салбарыг сонирхон, ямар
сэдэв, асуудлыг илүүтэй илэрхийлж буйг тодруулахад, энд нэгд, хоёр их гүрний
дунд оршдог Монгол Улсын эрчим хүчний салбар, ялангуя сэргээгдэх эрчим хүчийг
илүүтэй сонирхож байна. Удаалаад, энд дэд бүтцийн салбар, ХАА багтаж байна гэв.
“Монголын Эдийн засгийн форум-2023” долоодугаар сарын 9-10-ны хоёр өдөр үргэлжилж буй бөгөөд маргааш форумын үндсэн илтгэлийг Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тавьж, хүндэт зочин илтгэгчээр “Рио Тинто” группын ТУЗ-ийн дарга Доминик Бартон оролцох юм. Чуулганы нэгдсэн хуралдаан “Шинэ ирээдүй-Шинэ боломж” сэдвээр болно.
“Монголын Эдийн засгийн
форум-2023”-д хүрэлцэн ирж оролцож буй гадаадын хөрөнгө оруулалтын 45 банкны төлөөлөл, зочид
маргааш Монголбанкны удирдлагуудтай өглөөний уулзалт хийх юм байна.