Цахимжилтад олон нийтийн оролцоо чухал байгааг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн
форум-2023” салбар хуралдаан болон сэдэвчилсэн хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
“Цахим шилжилт ба цахим
эдийн засаг” хэлэлцүүлгийн үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-аас гаргадаг цахим
засаглалын индексээр Монгол Улс 18 байраар урагшилсан хэдий ч цахимжих үйл явц,
үйл ажиллагааг тодорхойлж буй бусад хэмжүүр үзүүлэлтээр тийм ч сайн нөлөө үзүүлж
чадахгүй байгаа. Энэ талаар нийгмийн зүгээс ч шүүмжлэлтэй хандаж ирснийг
хэллээ.
Өнөөдөр уламжлалт эдийн засгаас илүү цахимжилт болон харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хурдасгуурыг ашиглаж, салбар бүрд эдийн засаг өөрчлөгдөх тийм эрин зуунд бид амьдарч ажиллаж байна. Тиймээс нэгэнт урагшилж буй салбарын ололт, амжилтыг бусад салбаруудад нэвтрүүлэхгүйгээр өнөөдрийн уламжлалт эдийн засаг өөрчлөгдөнө гэдэг маш бэрхшээлтэй гэдгийг тэмдэглэн хэллээ. Тийм учраас Монгол Улс цахимжих үйл явцыг илүү эрчимжүүлэх зорилгоор 2019 онд Эстони улсын Е засаглалын академитай гэрээ байгуулан, зөвлөх үйлчилгээ аван, тухайн үед төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх, цахимаар явуулж, технологи засаглалд шилжих суурийг бүрдүүлж буйг дурдлаа.
Тэгвэл форумын “Монгол
Улсын Тогтвортой хөгжлийн бодлого” нэгдсэн хуралдаанд оролцсон Окфордын Их
сургуулийн Дэлхийн эдийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч, “Рио Тинто” группийн
ТУЗ-ын гишүүн, хатагтай Нгейр Вүдс, цахимжилт бүх үйл ажиллагааг дангаар
шийдэхгүй. Тиймээс энэ үйл явцад олон нийтийн оролцоо чухал. Тэдэнд зориулсан
үйлчилгээ үзүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг онцлон хэлэв.