Сэлэнгэ: Б.Бат-Эрдэнэ: Хүндрэлтэй нөхцөл байдал дээр онцгой байдлын байгууллага ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн ОБГ-ын
ГХУХ-ын ахлах байцаагч, ахмад Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол
мөрөн үерлэж, байгалийн эрсдэлт нөхцөл үүсээд байна. Аймгийн хэмжээнд нөхцөл
байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн
хугацаанд ОБГ-т нийтдээ 42 дуудлага ирсэн. Эдгээр дуудлагын 9 дуудлага дээр аймгийн
ОБГ-аас хүрэлцэн очиж ажиллалаа. Энэ бол ихэвчлэн завь тавих, шумбах, сэлж
гарах гэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал дээр онцгой байдлын байгууллага бүхий
л хүч хэрэглэлээрээ ажиллаж байна.
Бусад
дуудлага дээр сум, орон нутгийн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж
байгаа. Өдрийн 14.00 цагийн байдлаар онцгойгоос нийтдээ 15 өрхийн 37 том хүн,
30 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн нөхцөл байдалтай ажиллалаа.
-Сум
орон нутгийн тухайд байдал ямар хэмжээнд байна вэ?
-Сум
орон нутгийн тухайд Мандал суманд сумын Засаг даргаар ахлуулсан нийтдээ 87
албан хаагч, 25 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа. Энд 99 өрхийн 283 том хүн,
100 хүүхэд, 99 гэрийг нүүлгэн шилжүүлээд байна. Мөн Баянгол суманд нийтдээ 6
дуудлага дээр 16 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр орон нутгийн мэргэжлийн
байгууллага ажиллаж байна. Энэ дуудлага дээр 8 өрхийн 34 том хүн, 5 хүүхэд, 8 гэрийг нүүлгэн шилжүүлсэн.
-Яг
одоогийн нөхцөл байдал ямар хэмжээнд байгаа бол?
-Цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор үерийн усны түвшин
улам нэмэгдэнэ. Одоогийн байдлаар Ерөө сумын Бугант тосгонд нөхцөл байдал
хүндэрч байна. Тус тосгоны Ходоод, Хайлаас гэх газрууд, мөн Бугант руу ордог
төв гүүр усанд автсан гэсэн нөхцөл байдлын мэдээллийг бидэнд ирүүлсэн. Иймээс тодорхой
нөхцөл байдлыг төлөвлөн ажиллаж байна.
-Аймгийн
Онцгой комисс хуралдсан. Ямар шийдвэрт хүрэв?
-Өчигдөр
аймгийн Онцгой комисс 2023 оны 7-р хуралдаанаа хийсэн. Энэ хуралдаанаас үер
усны аюулаас урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг
гаргаж, албан даалгаврыг сумдын Онцгой комисст хүргүүлсэн. Холбогдох мэргэжлийн
байгууллагууд бүгд бэлтгэл, бэлэн байдлаа ханган ажиллаж байна.
-Танай
байгууллагаас үер усны эрсдэлтэй нөхцөлд буудаг айлуудад тодорхой судалгаа
гаргадаг уу?
-Аймгийн ОБГ-аас Баянгол, Ерөө, Сайхан, Зүүнбүрэн, Шаамар, Орхонтуул,
Мандал гэсэн 7 суманд үерт автаж болзошгүй айл өрхийн судалгааг гаргасан.
Энд нийтдээ 160 өрхийн 937 иргэн байгаа гэсэн судалгаа гарсан.
Цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа. Иймээс айл өрх, албан байгууллагууд, нэн
ялангуяа үер усны эрсдэлтэй газарт анхааруулсаар байтал буудаг. Нүү гээд хэлэхэд
үгэнд ордоггүй иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, сэрэмжлүүлгийг
онцгойлон анхаарч, хэрэгжүүлэхийг хүсье.
-Танд
баярлалаа.