Мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж байж улсын санхүүгийн удирдлага сайжирна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн Нягтлан бодогчдын холбоо (CAPA)-ны
ээлжит хурал манай улсад болж байна.
Гурван өдөр үргэлжилж буй
уг хурлаар улсын төсөв, санхүүгийн удирдлагыг бэхжүүлж сайжруулах талаар хэлэлцэж, улсын секторын санхүүгийн
удирдлагын олон улсын сайн туршлагаас хуваалцаж байна.
Төсвийн үр ашиггүй
зарцуулалт, инфляцын тогтворгүй байдал, гадаад өрийн дарамт, авлигатай холбоотой
асуудлыг шийдэх чухал гарцын нэг нь төрөөс төсөв боловсруулагч нар, түүнийг
захиран зарцуулагч мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг мэргэжлийн
байгууллага хамтран хэрэгжүүлэх нь үр дүнтэйг олон улсын мэргэжилтнүүд зөвлөж
байна.
Хэлэлцэж буй асуудлын талаар Ази, Номхон далайн бүсийн нягтлан бодогчдын холбооны гүйцэтгэх захирал Брайн Блүүдээс тодруулбал, улсын секторын санхүүгийн нягтлан бодогч нарыг маш сайн бэлтгэн гаргахад мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэйг хэлж, төрийн байгууллагуудад эрэлт нь, мэргэжлийн байгуулагуудад нийлүүлэлт нь байна. Энэ хоёр тал бие биеэ дэмжин сайн ойлголцож байж гэмээн улсын санхүүгийн удирдлага сайжирна гэдгийг онцоллоо.
Ази, Номхон далайн бүсийн Нягтлан бодогчдын холбоо (CAPA)-ны ээлжит хуралд оролцож байгаа олон улсын төлөөлөгчид Монголын Мэргэжлийн нягтлан бодох институтийн Удирдах зөвлөл, мэргэжлийн хариуцлагын болон дотоод аудитын хорооны удирдлага, гишүүдтэй уулзан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тодруулга: Ази, Номхон далайн бүсийн Нягтлан бодогчдын холбоо (CAPA)-ны гишүүн улс орнууд Улсын санхүүгийн менежментийн хороо байгуулан ажиллаж байна. CAPA-ын Улсын секторын санхүүгийн менежментийн хорооны бүрэлдэхүүнд Шинэ Зеланд, Бангладеш, Энэтхэг, Непал, Монгол, БНСУ, Пакистан, Шри-Ланк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын төлөөлөл багтдаг байна.