Монголчуудын үнэт өвд тулгуурласан "Соёлын наадам" 15 дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-07-05 12:17:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг Хүй долоон худагт 2023 оны долоодугаар сарын 11, 12-ны өдөр зохион байгуулна.

Тус наадмыг СУИС, “Монголын Урлагийн Зөвлөл” ТББ нь "Рио Тинто Монгол” ХХК-ийн дэмжлэгтэй 15 дахь жилдээ зохион байгуулах тухай мэдээллээ.

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, өв соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд энэ жилийн “Соёлын наадам”-ын үзэл санаа оршиж байгааг зохион байгуулагчид тодотгов.


Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл хэлэхдээ, “Соёлын наадмыг Монголын Урлагийн зөвлөл, СУИС одоогоос 15 жилийн өмнө үндэсний баяр наадмын үйл ажиллагааг соёл урлагийн агуулгаар баяжуулах зорилгоор зохион байгуулж ирсэн. Хүй долоон худагт хурдан морины уралдаанаас өөр наадам зохион байгуулдаггүй байсан тэртээ 15 жилийн өмнөөс энэхүү наадмыг өдий хүртэл тогтвортой зохион байгуулж байна” гэв.


СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг хэлэхдээ, “Энэ жилийн “Соёлын наадам”-ын онцлог гэвэл монголчууд даяаршлын нийгэмд бусдаас юугаараа ялгарах ёстой вэ, Монгол Улс, монгол хүн оршин тогтнохын үндэс нь юу вэ гэдэгт чиглэж байна. Соёлын наадмыг энэ удаа монголчуудын соёлын үнэт өвд тулгуурлан хийж буйгаараа өмнөх  наадмуудаас онцлогтой. Нэгдүгээрт, олон мянган жилийн уламжлан ирсэн гайхалтай соёлын биет бус өвийг энэхүү наадамд цогцлоож байгаа. Тухайлбал, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг язгуур уламжлалаа хадгалан үлдсэн бүс нутгаас  өвлөн уламжлуулагчдыг урьж наадамд оролцуулж байна. Мөн наадамд хүрэлцэн ирж отгуудаар зочилж буй иргэддээ зааж сургах, мэдлэг олгох, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийх юм” гэв.


Соёлын наадамд монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-соёлын отог” хэмээх 9 асар барина. Энэхүү асруудаар аялж, отог тус бүрийн онцлог бүхий агуулгуудын талаарх мэдлэгээ өргөжүүлж, соёлын үзмэрүүдийг үзэн сонирхож, өөрийн биеэр оролцон суралцаж, бүтээлч хөтөлбөрт хамрагдах боломжтойг Соёлын сургжулийн багш Б.Мөнхбадрал дурдав. Үүнд:

Монгол хүн отогт Монгол Улс дахь угсаатнуудын талаарх мэдээлэл, монгол хувцас, гоёл чимэглэл, монгол хувцас өмсөх үйлчилгээ,

Гэр бүл отогт угийн бичиг хөтлөх ёсон, холбогдох мэдээлэл, монгол айлын өдөр тутмын зан үйлүүдээс, чулуун наадгай,

Төрт ёс отогт Монгол төрийн бэлгэ тэмдгүүд, төрийн ёслолууд талаарх мэдээлэл, Монголын их хаадын хөрөг,

Эх нутаг отогт байгаль хамгаалах ардын мэдлэг ухаан, Монгол орны газар нутаг, амьтан, ургамлын гайхамшгаас, Монгол эх нутгийн талаарх ая аялгуу, хөгжмийн бүтээлүүд,

Монгол хэл отогт VR төхөөрөмжөөр Монгол ардын үлгэрүүд сонсох, жороо үг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав хэлэлцэх, уран бичлэгээр бичүүлэх, хувцсан дээр хэвлүүлэх, фото зураг, хөлөгт тоглоомууд,

Эрдэм боловсрол отогт Монгол ном бүтээх арга ухаан, номын үзэсгэлэн, Монголчуудын бичиг үсгийн соёл, Монгол уран бичлэг,

Ёс суртахуун отогт Монголчуудын мэндлэх хүндлэх ёсон, Монголчуудын бэлгэдэл, цээр болон үлгэрээр хүүхэд хүмүүжүүлэх ёсон,

Өв соёл отогт соёлын биет өв, монгол ахуйн бичил музей, соёлын биет бус, тоглоом наадгай, шагайн харваа, сур элдэх үйл,

Нүүдэлчний ухаан отогт дөрвөдийн бэр гуйх ёсон, Монгол найр, наадаан, 12 жилийн үлгэр зэргийг үзэн сонирхох зэргээр өргөн цар хүрээтэйгээр үндэсний нэгдмэл үнэт зүйлдээ суралцах боломжтой юм.


"Рио Тинто Монгол" ХХК-ийн Олон нийттэй харилцах ерөнхий зөвлөх Б.Дашням, "Манай компани 5 дахь жилдээ Соёлын наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Цаашид ч мөн ажиллах байх. Учир нь Рио Тинтогийн үзэл баримтлалд энэхүү наадмын зорилго нийцдэг. Энэ удаагийн наадамд дэлхийн ТОП-10-т багтдаг компанийн төлөөлөл болох бизнес, санхүүгийн удирдлага 150 гаруй хүн ирж монголын өв соёлтой танилцах юм" хэмээв.

Түүнчлэн ЮНЕСКО-д бүртгүүлсэн Соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтоос гадна “Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, ардын уламжлалт тоглоом наадгай, нүүр будалт ба хөрөг зураг, уран бичлэг, эсгий урлал, монгол угсаатны хувцас, эд өлгийн зүйлстэй танилцаж, “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжийг наадамчин олонд бүрдүүлж өгөх аж. 



相关新闻