ДУНДГОВЬ: П.Бямбалхагва: 100 жилийн түүх, бахархал, амжилтыг баримтжуулан хойч үедээ үлдээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Энэ жил Дундговь аймгийн Хулд сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож, 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд тэмдэглэлт баяр наадмаа хийнэ.
Тус сумын Нутгийн зөвлөл, сумын удирдлага, ард иргэд хамтран ойн баяр наадмыг угтан 100 жилийн түүхэн баримт, сумын бахархал, амжилт, дурсамжийг бүтээх, сум орон нутагтаа амар тайван, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлэн ойн баяраа угтаж байна.
Тухайлбал, “Сүүтэй бурхад 108”, “Олдохын хүрэн бор тэмээ”, “Хулд 100” түүхэн фото альбом хэвлүүлэхээс гадна 100 жилийнхээ түүхийн дурсамж шингээсэн дурсгалын аяга, дурсгалын медаль, дурсгалын тэмдэг, дурсгалын шоколад, дурсгалын ус зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг хийж байгаа аж.
Түүнчлэн хуримтлагдсан хогийн цэгийг дарж булшлах, сумын төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, сумын төвийн болоод цэцэрлэгт хүрээлэнгүүдийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ айл өрх, албан байгууллага бүр өөр өөрийн хүрээнд бүтээлч ажлуудыг хийж, хашаа, байшингаа засч, сэлбэж байгаа нь төрөлх нутгийнхаа их ойд бэлэг барьж буй сэтгэлийн дэмжлэг юм гэдгийг сумын Засаг дарга П.Бямбалхагва тодотголоо.
Тэрбээр “100 жилийн түүх гэдэг ахмад үе, ард түмний маань бүтээсэн амжилт. Манай нутаг энэхүү ойг зөвхөн баяр наадам хийж баярлахаар хязгаарлахгүй, 100 жилд бүтээсэн амжилт, бахархлаа хойч үедээ үлдээж байна. Тухайлбал, “Олдохын хүрэн бор тэмээний омог” манай сумын малчин түмний бахархал. Тиймээс түүнийгээ бид ном болгон үлдээнэ. Өөр хоёр ч ном гаргахаар ажиллаж байгаа.
Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл, сум орон нутаг, түүхээрээ бахархах тэр сэтгэлийг үлдээхийн тулд гар зургийн уралдаан зохион байгуулсан. Манай сум 14 гавьяаттай, тэдний 3 нь шог зураач юм. Ардын зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Байды, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Бат-Эрдэнэ нарын нэрэмжит “Хулдын багачууд” гар зургийн уралдаан зарлаж, 100 хүүхэд оролцлоо. Мөн баримтат кино хийж байна.
Сумынхаа ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан гэр хороолол, гудамжуудаа цэгцэлж байна. Хогоо цэгцэлсэн. “Тэрбум мод” тарих хөтөлбөрийн хүрээнд 1,5 сая мод тарих амлалт аваад, өнгөрсөн жил 1200 мод тарьсан. Энэ жил 5000-ыг тарихаар төлөвлөж байна. 100 жилийн ой угтсан ажлуудыг зохион байгуулахад манай сумын Нутгийн зөвлөл маш сайн хамтран ажиллаж байна” гэлээ.