Нийгмийн түншлэлийн хэлэлцээрт мэргэжлийн холбоодыг оролцуулах талаар зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-30 14:28:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсад хөдөлмөрийн хэм хэмжээг тодорхойлсон 190 орчим конвенц хэрэгжиж байна. Монгол Улс эдгээрийн 21-д нэгдэн оржээ. Энэ бол тийм ч муу үзүүлэлт биш гэдгийг Олон улсын Хөдөлмөрийн байгууллага

/ОУХБ/ILO)-ын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Чанги Ли хэлж байна.


Тэрбээр анх 2001 онд, ОУХБ-д хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн байхдаа Монгол Улсад ирж ажиллаж байжээ. Тэр үед Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт түншлэлийн харилцаагаар Монгол болон Сингапур улсууд Азид үлгэр жишээ болж байсныг хэлээд, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал нөлөө бүхий үйл явдал байдаг учир энэ талаар олон нийт мэдээлэлтэй, анхаарч байх учиртай гэдгийг онцлон хэлж байна.


Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн хэлэлцээрт Монгол Улсад нэг талаас төр, засаг, нөгөө талаас ҮЭ-ийн байгууллага, Худалдаа, аж үйлдвэрийн Танхим, Ажил олгогчдын байгууллага голлон оролцдог нь ажиглагдсан. Үүнээс гадна мэргэжлийн холбоодын төлөөллийг түлхүү оролцуулах хэрэгтэй. Ингэж байж хөдөлмөр, нийгмийн түншлэлийн харилцааны бүтцийн балансыг барина гэв.


Монгол Улс өнөөдөр ажиллах хүчээр дутагдаж буй нөхцөл байдалтай тулгараад байгаа талаар ОУХБ-ын суурин төлөөлөгчөөс тодруулахад тэрбээр, энэ нь нэгд, хувийн хэвшлийн үйл ажиллагаа тогтворжоогүй, хоёрт, эдийн засаг төрөлжөөгүй, ажилтан, ажилчдын ур чадварыг хөгжүүлээгүй зэрэгтэй холбоотой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Ер нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой нөхцөл байдлыг хуулиар гэхээсээ илүү хамтын хэлэлцээрээр шийдэх учиртайг тэрбээр тодотгон хэлж байна. 



Тодруулга: ОУХБ нь 1919 онд байгуулагдсан, НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг бөгөөд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоож, хөдөлмөрийн хүрээний эрхүүдийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг байна. Тус байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, ажилчдын төлөөллийг холбосон гурван талт онцлог бүтэцтэй. 187 гишүүн орны Засгийн газар, ажил олгогчид, ажилчдыг нэгтгэж, хөдөлмөрийн стандартыг тогтоож, бодлого боловсруулж, бүх эмэгтэй, эрэгтэйчүүдэд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулдаг аж.


相关新闻