ӨВӨРХАНГАЙ: Хүүхдийн спортын их наадамд багийн нэгдсэн дүнгээр 4 дүгээр байр эзэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр
/МОНЦАМЭ/. Монголын
хүүхдийн спортын зуны VII их наадам зургадугаар сарын 19-29-ний өдрүүдэд
Баянхонгор аймагт болж өндөрлөлөө.
Спортын их наадамд Өвөрхангай аймгаас спортын 15 төрлөөр 190 тамирчин, 21 дасгалжуулагч оролцсон бөгөөд багийн нэгдсэн дүнгээр 21 аймгаас 4 дүгээр байрыг эзлээд байна. Мөн ерөнхий боловсролын 254 сургуулийн сурагчид оролцсоноос Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургууль дэд байрт шалгарчээ.
Тухайлбал, хүндийг өргөлтийн төрөлд Өвөрхангай аймгийн спортын мастер Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай өсвөр үеийн баг, тамирчид 7 алт, 3 мөнгө, 5 хүрэл, нийт 15 медалийн эзэд болсон бол боксын төрөлд Р.Энхбат дасгалжуулагчтай баг тамирчид оролцон охидын 48 кг жинд Ж.Сэцэн хүрэл медаль, хөвгүүдийн 44 кг жинд Б.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн.
Мөн спорт бүжгийн төрөлд өрсөлдсөн Г.Нямсүрэн дасгалжуулагчтай баг тамирчид багийн дүнгээр 3 дугаар байр, Таеквондогийн +73кг жинд Э.Цогжавхлант алт, -73 кг жинд Н.Өлзийхишиг хүрэл, эмэгтэй +63 кг жинд Ч.Отгонсүрэн мөнгө, Чөлөөт бөхийн 46 кг жинд барилдсан Ц.Энхнаран алтан медаль тус тус хүртжээ.
Монголын
хүүхдийн спортын зуны VII их наадамд нийт 21 аймаг, есөн дүүргийн 11-18 насны 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд өрсөлдсөн байна.