Унгарыг Европын Холбооноос хөөх хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-13 14:58:45

БЕРЛИН. /TASS/. Унгар улс Европын Холбооны /ЕХ/ хэм хэмжээг зөрчиж байгаа учраас энэ орныг ЕХ-ны гишүүнчлэлээс хасах нь зүйтэй гэж Люксембургийн Гадаад хэргийн сайд Жан Ассельборн Германы “Вельт” сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэлжээ.

“ЕХ-ны үнэт зүйлсэд харшлах зүйлүүдийг маш ихээр хийж байгаатай бид эвлэрч чадахгүй. Унгар улс гэхэд дүрвэгчдийг оруулахгүйн тулд хашаа барьж, хэвлэлийн эрх чөлөөг хавчин боогдуулж, хуулийн байгууллагуудын бие даасан байдлыг алдагдуулж байгаа учраас энэ улсыг ЕХ-ноос түр хугацаагаар эсвэл бүрмөсөн гаргах хэрэгтэй” гэж Ж.Ассельборн ярьсан байна.  

Унгарыг тус холбооноос гаргах нь ЕХ-ны эв нэгдэл болон үнэт зүйлсийг хадгалан үлдэх цорын ганц боломж мөн гэдгийг тэрбээр үзэж байгаа аж.

Люксембургийн сайд цааш нь хэлэхдээ, ЕХ-ны гишүүд санал зөрөлдсөн тохиолдолд шийдвэр гаргахад тус болохуйц дүрэм журмыг батлан хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

Х.Сарнай 

相关新闻