Монгол, Индонез Улс аялал жуулчлалын салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-06-28 17:25:02
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди 2023 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.   


Энэхүү айлчлал нь Индонезийн Гадаад хэргийн сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй 3 дахь айлчлал гэдгээрээ онцлог юм.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди нар 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхийн сацуу аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуй зэрэг өргөн хүрээтэй салбарт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар санал солилцохын зэрэгцээ бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиров.


Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 67 жилийн хугацаанд ардчилал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан манай хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой урагшилж ирсэн. Монгол, Индонезийн худалдааны эргэлт 2022 онд 29 сая гаруй ам.доллар хүрч, өссөн үзүүлэлттэй байна. Цаашид талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.


Түүнчлэн хоёр улсын бизнес хоорондын түншлэлийг бэхжүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог тогтоох, бизнес зөвлөлийг байгуулах, ажил хэрэгч уулзалтыг хамтран зохион байгуулахаар санал нэгдэв. Хоёр улсын бизнес хоорондын түншлэлийг бэхжүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог тогтоох, Монгол, Индонезийн бизнес зөвлөлийг байгуулах, бизнес форум, ажил хэрэгч уулзалтыг хамтран зохион байгуулахаар тохирлоо. Энэ хүрээнд Монголын Номин Трейдинг компани болон Индонезийн Мадена компани хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ”Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай байдлаар хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтов.


Мөн аялал жуулчлалын салбарыг Монгол, Индонезийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын байгууллага, хувийн хэвшил, туроператорууд хоорондын харилцаа холбоог тогтоох чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.


Манай хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамд хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд албан ёсны хэлэлцээний үеэр Талууд “Дипломат болон олон улсын харилцааны салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.


Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд манай улсыг АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш орон болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтын оролцогч орон болоход индонезийн тал дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа илэрхийлэв.


Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцоно.





相关新闻