Умард Солонгос 5-10 жилийн дараа тив алгасах цөмийн пуужинтай болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Умард Солонгос 5-10 жилийн дараа АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадах цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужинтай болж чадна гэж Лос-Аламосын цөмийн лабораторийн захирал асан Зигфрид Хекер үзэж байна.
Тэрбээр хэд хэдэн удаа Умард Солонгост очихдоо цөмийн байгууламжуудад нь зочилж байсан ажээ. Энэ онд Пхеньян хоёр удаа цөмийн туршилт хийсэн нь цөмийн цэнэг гарган авч, түүнийгээ ойрын болон дунд тусгалын пуужингуудад байрлуулах боломжтой болсныг харуулсан гэж З.Хекер үзэж байна.
Харин цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах пуужин зохион бүтээхэд Умард Солонгост 5-10 жилийн хугацаа хэрэгтэй гэдгийг тэрбээр дурдлаа. Одоогийн байдлаар, “гадны хөндлөнгийн оролцоог тогтоон барих үр дүнтэй хэрэгсэл болж чадахуйц цөмийн зэвсгийн нөөцийг тус улс бий болгож чадсаныг Америкийн цөмийн нэрт мэргэжилтэн хэлээд, 9-ний өдөр дэлбэлсэн цөмийн бөмбөгний хүчин чадал 15-20 килотонн байсан гэжээ.
Хамгийн сүүлд хийсэн цөмийн туршилтын зорилго нь “хэрвээ Вашингтон одоогийн бодлогоо үргэлжлүүлсээр байх аваас Умард Солонгос цөмийн хүчээ зузаатгасаар байх болно” гэсэн “улстөрийн дохио анхааруулга”-ыг өгөх явдал аж.
З.Хекер цааш хэлэхдээ, Б.Обамагийн БНАСАУ-ын талаар явуулж буй бодлогыг шүүмжилсэн байна. Америкийн засаг захиргаа Умард Солонгосыг хориг хэмжээгээр буулган авах, Хятадаар дамжуулан нөлөөлөх гэж оролдож байгаа нь бүтэлгүй болсон, тиймээс Вашингтоны хувьд Пхеньянтай шууд харилцаа холбоо тогтоох дипломат арга замыг сүвэгчилсэн нь дээр гэж тэрбээр зөвлөсөн байна.
Х.Сарнай