Хятад улс Францтай шинэ салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-23 14:03:28

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс Францтай байгаль орчныг хамгаалах, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян өчигдөр Парис хотноо Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой уулзах үеэр мэдэгджээ.


"Хятад, Франц улс цөмийн эрчим хүч, сансар огторгуй зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх ёстой. Хоёр орон байгаль орчныг хамгаалах, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэвшилтэт үйлдвэрлэл зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааныхаа нөөц бололцоог ашиглах ёстой" гэж тэрбээр хэлсэн байна. 


Ли Чян мөн онцлон тэмдэглэхдээ, "Хятад улс Францтай олон улсын үйл хэрэг дэх хэлхээ холбоо, зохицуулалтаа үргэлжлүүлэн бэхжүүлж, харилцан ашигтай санаачилгыг дэмжиж, дэлхийн тулгамдсан асуудлыг хамтран шийдэж, дэлхий даяар энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд бэлэн байна" гэжээ.


Ли Чян, Э.Макрон нарын уулзалт Парис хотноо пүрэв гарагт эхэлсэн дэлхийн санхүүгийн шинэ гэрээний талаарх дээд хэмжээний уулзалтын хүрээнд болжээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү дээд хэмжээний уулзалтаар хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ядуурлыг арилгахад туслах зорилготой санхүүгийн шинэ баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм.  

相关新闻