БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатарын сурагчид орон нутгийн хүүхдүүдтэй мэдлэгээ хуваалцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн сурагчид Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад англи хэлний хичээл зааж байна.
"Улаанбаатар Элит" сургуулийн 9-11 дүгээр сурагчид дээрх сургалтыг өөрсдийнхөө хэрэгжүүлдэг "Spark төсөл"-ийн хүрээнд орон нутгийн сурагчдын зуны амралтыг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж.
Төслийн эхний шатанд орон нутгийн 7-11 дүгээр ангийн сурагчид "Англи хэл сурах болон гадаадад сурах нь яагаад чухал вэ" гэдэг сэдвээр эсээ бичсэн ба бүтээл нь шалгарсан 74 сурагчийг сонгон авчээ. Тэдэнд 2 долоо хоногийн хугацаанд өдөр бүр 4 цагийн хичээл орж байна.
"Манай сургуульд сурагчдын олон клуб үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг бол "Spark” хөтөлбөр байгаа. Тус хөтөлбөр нь сурагчдад "Улаанбаатар Элит" сургуулиас олж авсан мэдлэгээ орон нутгийн сурагчидтай хуваалцах боломж олгодог. Тухайн үйл ажиллагааны бүх зардлыг манай сурагчид өөрсдөө хариуцдаг. Заримдаа ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр хэрэгжүүлдэг.
Сурагчид маань энэ жил Булган аймгийн
Булган сумын 1 дүгээр сургууль, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын сургуульд
ажилласан. Харин энэ сарын 12-ноос Өлгий сумын ерөнхий боловсролын 1 дүгээр
сургуульд ажиллаж байна. Сургалтад тус сургуулиас эхний шатны шалгаруулалтад тэнцсэн
80 орчим сурагчийг хамруулж байна. Тэдэнд англи хэлний ярианы, бичгийн, дүрмийн
хичээл заахаас гадна, бизнес, эдийн засаг, мэргэжил сонголт, гадаадын их, дээд
сургуулиудад хэрхэн амжилттай бүртгүүлэх тухай мэдээлэл өгч ажиллаж байна"
хэмээн "Улаанбаатар Элит" олон улсын дунд сургуулийн багш С.Нурсерик хэллээ.