АНУ, Энэтхэг батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-23 10:34:10

ВАШИНГТОН. /CNN/. АНУ, Энэтхэгийн удирдагчид батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах замын зургийн талаар тохиролцоонд хүрлээ гэж Цагаан ордны хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ.


"АНУ, Энэтхэг улс батлан хамгаалах салбарт хамтран ажиллах замын зургийг харилцан тохиролцлоо. Уг замын зурагт батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд зэвсгийн дэвшилтэт системийг хамтран үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн сацуу цэргийн хүчний ирээдүйг тодорхойлох технологийн хамтарсан судалгаа, туршилт хийх, тэргүүлэх технологийн жишиг загварыг боловсруулахад чиглэнэ" гэж хоёр орны дээд түвшний хэлэлцээний үр дүнгийн талаарх Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.


Хоёр орон мөн батлан хамгаалахын бүтээгдэхүүн харилцан худалдан авах гэрээ болон "нийлүүлэлтийн гинжин хэлхээнд урьдчилан таах боломжгүй доголдол гарсан тохиолдолд батлан хамгаалахын бараа бүтээгдэхүүнийг найдвартай нийлүүлэх боломжийг бүрдүүлэх" нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай гэрээг байгуулах ажлыг эхлүүлсэн гэж Цагаан ордон онцлон тэмдэглэжээ.


Түүнчлэн хоёр орны хоорондын "чухал ач холбогдолтой мэдээллийн солилцоог гүнзгийрүүлэх",  мөн усан доорх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх алхмуудыг хийлээ гэж Америкийн удирдагчийн засаг захиргаа мэдээлжээ.


相关新闻