Бенинд төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-08 08:17:08

БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /DW/. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоолоо гэж Бениний засгийн газар мэдэгдсэн байна. Энэ тухай ням гарагт Ройтерс, АFP агентлагууд мэдээллээ.


Бенин улсын Дотоод хэргийн сайд Алассан Сейду мэдэгдэхдээ, засгийн газар нөхцөл байдлыг хяналтдаа авсан тул иргэд ердийн байдлаар ажил амьдралаа зохицуулахыг уриалжээ.


Засгийн газрын төлөөлөгч Вильфрид Леандре Хунгбеджи-гийн мэдэгдсэнээр бол, 7-ны өдөр төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон 14 хүнийг баривчлаад байна.


Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Олушегун Аджади Бакари хэлэхдээ, цөөн тооны хэсэг цэргүүд засгийн газрыг түлхэн унагах оролдлого хийсэн боловч ерөнхийлөгч Патрис Талонд үнэнч хүчнийхэн одоо дэг журмыг сэргээхээр ажиллаж байна гэлээ.

Үүний өмнөхөн цэргийнхний 8 төлөөлөгч үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ, хурандаа Тигри Паскаль тэргүүтэй цэргийн хороо засгийн эрхийг гартаа авсныг зарласан бөгөөд Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож, агаар, хуурай зам ба тэнгисийн хилийг хаасан байна. Бениний хамгийн том хот болох Котонугийн хэд хэдэн дүүрэгт өглөөгүүр буун дуу сонсогдож байжээ. Цагдаа нар гол гол уулзваруудад байрласнаар буудалцаан зогссон байна. Гадаад хэргийн сайдын хэлснээр, хуйвалдагчид зөвхөн үндэсний телевизийн байрыг хяналтдаа авчээ.


Сүүлийн жилүүдэд Бениний хөрш Нигер, Буркина-Фасо болон Мали, Гвиней, Гвиней-Бисауд цэргийнхэн засгийн эрхийг авсан байна.

Бенин улс 1960 онд Францаас салж, тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1991 оноос хойш тус улсын улс төрийн байдал тогтвортой байгаа юм. 

相关新闻