ХӨВСГӨЛ: Усан замын тээврийн үйлчилгээг энэ сарын 25-нд эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн /МОНЦАМЭ/. Усан замын тээврийн үйлчилгээг 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлнэ.
Хөвсгөл нууран дээр усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангуулж, улмаар байгаль орчныг хамгаалах, иргэдийн ая тухтай, аюул осолгүй зорчих нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийж байна.
Энэ үеэр Усан замын тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай засвар, үйлчилгээ хийсэн байх, цахилгаан болон харилцаа холбооны хэрэгслүүдийн хэвийн ажиллагааг урьдчилан шалгасан байх, байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулж аврах хантаазыг шалган туршиж, бэхэлгээ уяа оосрын бүрэн бүтэн байдлыг шалгасан байх шаардлагыг тавьж байгаа аж.
Хөвсгөл нууран дээр усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх бүртгэлтэй 96 тээврийн хэрэгсэл байдгаас жилд дунджаар 50-55
тээврийн хэрэгсэл хөвөлтөд гардаг.
Монголын Завьчдын нэгдсэн холбоо төрийн бус байгууллагатай хамтран усан замын тээврийн хэрэгсэлд GPS суурилуулж байгаа бөгөөд хэрэгжилт 52 хувьтай байна.
Иргэд та бүхэн усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо аврах хантаазыг зааврын дагуу өмсөж, жолоочийн зааварчилгааг мөрдөн, аюулгүй байдлаа хангаж аялахыг зөвлөж байна.
Техникийн хяналтын үзлэгийг ЗТХЯ-ны Салбарын хяналтын газар, Хөвсгөл
аймгийн авто тээврийн төв, усан замын
хяналтын улсын ахлах байцаагч, Далайн захиргаа хамтран хийж байна.